Ардын хувьсгалын 100 жилийн ойн лого, брэндбүүк бүтээх уралдаан зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2020-09-22 11:51:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 100 жилийн ой 2021 онд тохиохтой холбогдуулан Соёлын яам лого, брэндбүүк бүтээх уралдааныг нийт дизайнер, зураач, уран бүтээлчдийн дунд нээлттэй зарлалаа.

 

Уралдааны бүтээлд, Ардын хувьсгалын түүхэн үйл явдлыг бүрэн илэрхийлсэн утга агуулгатай, үндэсний агуулга, орчин үеийн дүрслэх урлагийн элементийг хослуулан дүрслэхдээ “100 жил” бичвэрийг тусгасан, график дизайныг мэргэжлийн программ дээр хийсэн, өндөр нягтралтай буюу үндсэн элементүүд тод харагдахаар, хар, цагаан болон өнгөт, өнгөгүй гадаргуу дээр хэвлэхэд тохиромжтой, бүтээлийн тайлбарыг хавсаргасан байх шаардлага тавьжээ. Уралдаанд нэг оролцогч хэдэн ч загвараар оролцож болох юм байна.

 

Брэндбүүк нь албан бичиг /бланк/, дугтуй календарь, тэмдэглэлийн дэвтэр, үзэг, бал, туг, далбаа, дарцаг, CD ковер, цаасан хайрцаг, уут, аяга, түлхүүрийн оосор гэх мэт бүтээгдэхүүн дээр хэвлэж ашиглах боломжтой байх шаардлагатай аж.

 

Уралдааныг 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 14:00-17:00 цагт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Денверийн гудамж, Соёлын яамны байранд хүлээн авна. Файлаар munkhtsetseg@moc.gov.mn uyanga@moc.gov.mn цахим хаягт ирүүлэх боломжтой.

 

Уралдаанд ирүүлсэн материалыг комисс шалгаруулж, нэгдүгээр байр дөрвөн сая төгрөг, хоёрдугаар байр хоёр сая төгрөг, тусгай байр нэг сая төгрөгөөр урамшуулж байр тус бүрт батламж гардуулах юм.

Холбоотой мэдээ