Хашаандаа ногоо тарих боломжоор хангагдсан “Өрх гэр-Ногоо” төслийнхөн ургацын баяраа хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/."Өрх гэр-Ногоо” төсөлд Нийслэлийн Сүхбаатар дүүргээс хамрагдсан 20 өрх хашаандаа тарьж ургуулсан жимс, жимсгэнэ, хүнсний ногооны дээжээрээ ХААН театрт ургацын баяраа тэмдэглэв.
Улаанбаатар хотын Эмэгтэйчүүдийн зөвлөл, Эх үрс-Энэрэл
хөдөлгөөнийхөн энэ төслийг 2001 оноос хэрэгжүүлж, нийслэлийн захын хорооллын орлого
багатай, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн амьжиргааны түвшинг дээшлүүлж, тогтвортой
орлого олох боломж бүрдүүлэхийг зорьж буй билээ. ХААН Банкны нийгмийн хариуцлагыг
хэрэгжүүлэгч ХААН Банк Сан 2009-2012 онд төслийг санхүүжүүлж, 350 гаруй өрхөд бодит
өгөөжөө өгсөн, өргөн хүрээтэй төсөл болж чаджээ. Энэ жил хамрагдсан Сүхбаатар дүүргийн иргэдийг олон төрлийн хүнсний болон
нарийн ногооны үр, үрсэлгээ болон хөрс сайжруулах хар шороо, элс бордоо, мөн жимсний
бут, хүлэмж барих материалаар хангаснаар иргэд хашаандаа хүнсний ногоо тариалах
улмаар өрхийн хэрэглээнээс илүү гарсан ногоо, жимсээ борлуулан ашиг орлогоо нэмэгдүүлэх
боломж бүрдүүлжээ. Төсөлд хамрагдсан өрхүүд багт хуваагдан хүнсний ногоо, жимс жимсгэнэ
тарих, хадгалах, нөөцлөх сургалтанд хамрагдан, тариалалтын дараах үе буюу ургац
хураах хүртэл багийн удирдагч нарын зөвлөгөө, дэмжлэг авсан байгаа. Үр дүн хуваалцах
ургацын баярын үеэр төсөлд хамрагдсан иргэд 14 нэр төрлийн хүнсний ногоо тариалж,
10 тонн орчим ургац хурааснаа дуулгаж, шинэхэн ногоогоороо үзэсгэлэн гаргав.
Энэ үеэр төсөлд хамрагдсан Ц.Нарангэрэлтэй
уулзахад “Төсөл хэрэгжүүлэгчид тогтмол сургалтад хамруулж, практик зөвлөгөө өгч
байсан нь үр дүнтэй байсан. Өрхийн амьжиргааг нэмэгдүүлж, хашаандаа ногоо тарьж,
амьдрах орчныг дээшлүүлсэн сайхан төсөлд хамрагдсандаа баяртай байна. Хашаандаа
өмнө нь манжин, төмс, байцаа тариалж өрхийн хэрэглээгээ хангаж байсан. Төсөлд хамрагдсанаар
хүлэмжийн гялгар уут, улаан лооль, өргөст хэмх, чинжүү, чацаргана, үхрийн нүдний
гээд арваад төрлийн үр, үрсэлгээ өгснийг тарьж ургууллаа. Миний хувьд 30 гаруй настай,
хааяа татаж унадаг саажилттай хүүхдээ асран хамгаалдаг. Манай гэр бүлийн хүнсний
хэрэгцээ болон өрхийн амьжиргаанд маш их нэмэртэй байсныг хэлмээр байна. Нэмж хэлэхэд
хорио цээрийн дэглэм тогтсон үе байсан тул хүүхдүүд маань ногоо тариалтад гар бие
оролцож, өөрсдөө хөлс хүчээ зарцуулсан. Тиймдээ ч тэр үү “хамгийн амттай ногоо”
гээд л амтархан идэж байгаа” хэмээн инээмсэглэж байлаа.
Харин төсөлд хамрагдсан Т.Одончимэг “Бидэнд өгсөн арваад төрлийн үрийг авч, 40 гаруй жил ногоо тариалсан ээжийнхээ зөвлөгөө, заавраар хүнсний болон нарийн ногоо тариаллаа. Манайх хүлэмжиндээ улаан лооль, өргөст хэмх, тарвас, гадна талбайдаа төмс, лууван, манжин, байцаа, гоньд зэргийг тариалж гэр бүлийнхээ хүнсний ногооны жилийн хэрэгцээгээ хангадаг. Өнгөрсөн жилийн даршилсан ногоогоо одоо л дөнгөж дуусгаж байгаа. Төсөлд хамрагдсанаар ногоогоо яаж тариалах, үрсэлгээ суулгах, арчлах, ургацаа хураах, шинээр нь хэрхэн хадгалах, даршлах талаар янз бүрийн сургалтанд хамрагдаж, мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө авсан. Мөн багаар хамтран ажиллаж, бие биендээ харилцан туршлагаа хуваалцаж байснаараа давуу талтай санагдсан гэлээ.
“Эх үрс-Энэрэл” хөдөлгөөний тэргүүн,
Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Н.Сувд ургацын баярыг нээж хэлсэн үгэндээ, “Энэ
төслийг анх 2001 онд Чингэлтэй дүүргээс эхлүүлж байхад 10 өрх хамрагдаж байсан бол
одоо 1200 эмэгтэй болж хүрээгээ тэлжээ. Хүнсний аюулгүй байдлын талаар ярих болсон
энэ цаг үед эрүүл хөрсөнд, эрүүл хүнсний ногоо тариалж, өрхийн хэрэгцээгээ хангаж
байгаа нь үр өгөөжтэй. Төсөлд хэдийгээр эмэгтэйчүүд хамрагдаж байгаа ч өрхийн тэргүүн,
эрчүүд, хүүхдүүд оролцож байгаа гэр бүлийн төсөл болтлоо өргөжсөнийг харуулж байна.
Хүлэмжийн аж ахуйн сургалт зохион байгуулж, цаашид өвлийн болгох, тариалсан ургацаа
даршилж, өөр нэр төрлийн бүтээгдэхүүн хийж, хүнсний хэрэгцээгээ хангахаас гадна
зарж борлуулж өрхийн амьжиргаагаа дээшлүүлж байгаа нь бахархууштай”-г онцоллоо.