НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-09-17 14:05:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын 2016-2020 оны бүрэн эрхийн хугацаа хугацаа дуусаж байна. Үүнтэй холбогдуулан НИТХ-ын хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр боллоо. 

Хуралдааныг нээж НИТХ-ын дарга Р.Дагва хэлсэн үгэндээ өнгөрсөн 4 жилд НИТХ-аас гаргасан бодлого, шийдвэрийн талаар товч танилцуулсан юм. Үүнд: 

  • Хотын иргэдийг хямд, чанартай орон сууцаар хангах бодлогын баримт бичгүүдийг баталсан. Тодруулбал, “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”,  “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам” болон орон сууцны төслийн 30 хувийг энгийн түрээс, 30 хувийг түрээслээд өмчлөх, 40 хувийг газар чөлөөлөлтөд зориулахаар баталсан.
  • Нийслэл дэх бүтээн байгуулалтуудыг дэмжиж, Налайх, Сонсголонгийн зам, Олимпын  шинэ гүүрний томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг амжилттай гүйцэтгэсэн,


  • “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа, Дэнжийн мянга гэсэн дэд төвүүдийг шинээр байгуулах суурь нөхцөлийг бүрдүүлсэн.
  • Нийслэлийн хамгийн тулгамдсан утааг багасгах бодлого, Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс шахмал түлшний үйлдвэрлэл, түгээлт, хангамжийг удирдан зохион байгуулж ажилласны үр дүнд   агаарын бохирдлыг  50 гаруй хувиар буурууллаа. 
  • Улаанбаатар хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөөг баталсан. Үүний үр дүнд  нийслэлийн хэмжээнд 63 байршилд ойн төгөл бүхий бичил цэцэрлэг байгуулсан байна гэдгийг онцоллоо.


Энэ удаагийн НИТХ МАН-ын 34, АН-ын11 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж, ээлжит болон ээлжит бус 42 удаагийн хуралдааныг зохион байгуулж, 109 тогтоол баталжээ. Мөн НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдааныг 129 удаа зохион байгуулж, 784 тогтоол баталсан байна. Аливаа хуралдаан бүр 80-аас дээш хувийн ирцтэй болж байсан нь энэ удаагийн НИТХ-ын төлөөлөгчдийн хариуцлага, ухамсар, ёс зүйн түвшин ямар байсныг харуулж чадсан хэмээн дүгнэжээ. 


2016-2020 онд сонгогдон бүрэн эрхээ хэрэгжүүлж ажилласан НИТХ нь жил бүрийн төсвийн зарцуулалтыг оновчтой, хэмнэлттэй, үр өгөөжтэй хуваарилахын зэрэгцээ газар зохион байгуулалтын үйл ажиллагааг сайжруулж, өмчийн үр ашгийг дээшлүүлэхэд онцгойлон анхаарчээ. 

Гэрэл зургуудыг Т.Чимгээ


Холбоотой мэдээ