Орон нутгийн тайзнаа "ШИНОС" мюзиклыг тавина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-09-16 21:06:55
Баянхонгор /МОНЦАМЭ/. Сономын Лувсанвандангийн нэрэмжит Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид намар цагийн нээлтээрээ "ШИНОС" мюзиклыг удахгүй тайзнаа тоглох гэж байна.
Тодруулбал, мюзикл тоглолт энэ сарын 23-ны 19:00 цаг, 24-ний 16:00, 19:00 цагаас үзэгчдийн хүртээл болох юм.
ШИНОС нь Монголын мэргэжлийн урлагийн байгууллагуудаас анх удаа өөрсдөө зохиолоо бичиж, найруулан тавьж байгаа жинхэнэ монгол бүтээл гэдгээрээ онцлог. Энэ нь мюзикл болгон тавьж буйгаараа орон нутгийн театрын хөгжилд томоохон дэвшлийг хийж буй явдал юм байна.
"ШИНОС" мюзикл уран бүтээлийн Ерөнхий найруулагчаар МУСТА С.Тогоомөнх, бүжиг дэглээч-балейтмейстрээр МУГЖ Ц.Алтанцэцэг, ерөнхий зураачаар Э.Түвшинбаяр, туслах найруулагчаар МУСТА Ч.Бямбаням нар ажиллаж байгаа аж. Тус уран бүтээлд театрын найрал дуу, хөгжим, драм, бүжиг ангийн бүх уран бүтээлч, дугуйлангийн сурагчид оролцож байна. Театрын урлагийн өвөрмөц өнгө аяс бүхий найруулга, бүжгийн дэглэлт, хувцас тайз засалт, хөгжмийн зохиомж зэрэг шинэлэг мэдрэмж, сэтгэл догдолсон мөч, шинэ сэргэг бүхнийг "ШИНОС" танд мэдрүүлнэ.
ШИНОС /Шинэлэг, Илүү, Нууцлаг, Онцгой, Содон/ бүтээлийг шимтэн үзэхийг хүсвэл 88911859, 88766631, 96110060, 86440909 дугаарт захиалан тасалбараа хүргүүлэн авах боломжтой.
Холбоотой мэдээ