АНУ-ын хориг БНСУ-ын чипийн экспортод нөлөөлж болзошгүй

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2020-09-15 12:24:35

СӨҮЛ. /Yonhap/. АНУ-ын засаг захиргаанаас БНХАУ-ын “Huawei” компанийн эсрэг авсан хориг арга хэмжээнүүд БНСУ-аас БНХАУ руу гаргах чипийн экспортод нөлөөлж болзошгүй байна гэж эх сурвалжууд өнөөдөр мэдээлжээ.


АНУ-ын тоног төхөөрөмж, программ хангамж, загвараар бүтээсэн хагас дамжуулагчийг Вашингтоны тусгай зөвшөөрөлгүйгээр “Huawei” компанид нийлүүлэхийг хориглосон шинэ хориг арга хэмжээнүүд өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байгаа юм.


АНУ-ын шийдвэрийн дагуу дэлхийд чип үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч “Samsung Electronics” болон “SK hynix” зэрэг компаниас “Huawei” компани руу хагас дамжуулагч нийлүүлэхийг зогсоох ажээ. “Huawei” нь “Samsung”-ийн томоохон таван хэрэглэгчийн нэг бол “SK hynix” компанийн борлуулалтын 10 гаруй хувийг тус компани эзэлдэг байна.


Салбарын эх сурвалжуудын мэдээлж буйгаар, “Huawei”-д тавьсан хориг БНСУ-аас БНХАУ руу гаргах хагас дамжуулагчийн экспортод нөлөөлөх төлөвтэй байгаа ажээ. "Энэ оны эхний долоон сарын байдлаар БНСУ-ын чипийн экспортын 41 орчим хувийг БНХАУ эзэлсэн" гэж Солонгосын Олон улсын худалдааны холбооноос мэдээлжээ.


“АНУ-ын хориг нэг жилийн турш үргэлжилбэл БНСУ-ын чип үйлдвэрлэгчид экспортын алдагдлаас 10 их наяд вон буюу 8.45 тэрбум ам.долларын хохирол амсаж магадгүй” гэж салбарын шинжээчид тооцоолжээ. Энэ нь БНСУ-ын 2019 оны чипийн нийт экспортын /93.93 тэрбум ам.доллар/ 10 орчим хувьтай тэнцэх ажээ. 

Холбоотой мэдээ