Монгол Улс, ОХУ дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг ирэх онд тэмдэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-09-09 14:43:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, ОХУ дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх ажлыг удирдан зохион байгуулах ажлын багийг Гадаад харилцааны сайдаар ахлуулан байгуулахаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэв.

Ойн хүрээнд жилийн турш улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэг зэрэг олон салбарт хамтарсан арга хэмжээ зохиохоор төлөвлөжээ. Тухайлбал, харилцааны түүхийн тухай ном хэвлүүлэх, харилцан айлчлал хийх, “Монгол-Оросын санаачилга-2021”, “Найрамдлын галт тэрэг” цуврал арга хэмжээ, эрдэм шинжилгээний бага хурал, гэрэл зургийн үзэсгэлэн, баримтат кино бүтээх зэргийг дурдаж болно. 1921 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр “Монгол, Оросын хоорондох найрамдлын барилдлагааг байгуулах тухай Монголын Ардын Засгийн газар ба Зөвлөлтийн Засагт Орос Улсын Засгийн газрын хэлэлцэн тогтоосон гэрээ бичиг” байгуулснаар дипломат харилцаа тогтоосон гэж үздэг. Монгол Улсад мал аж ахуй, газар тариалан, үйлдвэр, боловсрол, эрүүл мэнд, хотжилтыг хөгжүүлэх, дэлхийн II дайныг даван туулах, олон улсын тавцанд гарах, эдийн засгийн дэмжлэг үзүүлэхэд ЗСБНХУ чухал үүрэг гүйцэтгэсэн. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, “Монголсовцветмет” нэгдэл, “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг байгуулж, зам, тээвэр, эрчим хүч зэрэг салбарт томоохон бүтээн байгуулалт өрнүүлсэн юм. 


Товч мэдээ


- Оны эхний хагаст төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 291 мянга 485 иргэн санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргасан байна. Үүний 279 мянга 235 хүний асуудлыг хуулийн хугацаанд нь шийдвэрлэсэн нь 95.7 хувь гэсэн үг юм. 10 мянга 541 өргөдлийг холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлсэн бол 979-ийг нь хугацаа хэтрүүлж шийдвэрлэжээ. Иргэд ихэвчлэн нийгмийн халамж, даатгал, газартай холбоотой асуудлаар хандсан байна.


- “Цэргийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлав. Ингэснээр олон улсын энхийг сахиулах болон цэрэг-техникийн ажиллагаа, харилцан итгэлцэл, аюулгүй байдлыг бэхжүүлэх зэрэг харилцан сонирхсон чиглэлүүдийг хөгжүүлэх боломж бүрдэж байна. 

Холбоотой мэдээ