Оксфордын вакцины туршилтыг түр зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2020-09-09 09:18:53

ЛОНДОН. /BBC/. Англид төвтэй “AstraZeneca” компани болон Оксфордын их сургуулийн судлаачдын хамтран гарган авсан вакцины эмнэлзүйн туршилтын сүүлийн үе шатанд оролцож буй хүнд сөрөг реакц илэрсэн тул туршилтыг түр зогсоожээ.


AstraZeneca” компанийн мэдээлснээр, “тодорхой бус өвчний улмаас” коронавирусний вакцины туршилтыг түр хугацаагаар зогсоосон ажээ. Их Британид явуулж буй туршилтын үеэр ийм тохиолдол гарсан байна.


Энэхүү туршилтын үр дүн дэлхий дахины анхаарлын төвд байгаа бөгөөд “AstraZeneca”-Оксфордын их сургуулийн вакциныг дэлхий даяар бүтээж буй олон арван вакцины хүчтэй өрсөлдөгчдийн нэг хэмээн үзэж байжээ.


Туршилтын эхний хоёр үе шат нь амжилттай явагдсантай холбоотойгоор уг вакциныг зах зээлд хамгийн эхэнд гарч магадгүй хэмээн найдаж байсан юм.


АНУ, Их Британи, Бразил, Өмнөд Африкт сүүлийн хэдэн долоо хоногт үргэлжилсэн туршилтын гуравдугаар үе шатанд 30 мянга орчим хүн оролцож байгаа аж. Энэ үе шатны туршилтад ихэвчлэн олон мянган хүнийг хамруулдаг бөгөөд хэдэн жилийн хугацаагаар үргэлжлэх тохиолдол ч байдаг ажээ. 

Холбоотой мэдээ