Хятадын гангийн импортод ногдуулдаг татвараа АНУ таван дахин өсгөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-05-18 16:13:35

ВАШИНГТОН. /ВВС/. Бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээс хямд худалдаж байна хэмээн АНУ Хятадын ган үйлдвэрлэгчдийг буруутгаад, импортын татвараа тав дахин нэмэгдүүлсэн байна.

Энэ татвар нь БНХАУ-д үйлдвэрлэсэн хүйтнээр цувисан хавтгай ганд хамаарах ажээ. Ийм  төрлийн ганг чингэлэг хийх болон автомашин үйлдвэрлэх, мөн барилгын салбарт ашигладаг байна.

Хоёр улсын худалдааны харилцаа тахианы мах зэрэг хэд хэдэн бүтээгдэхүүнтэй холбоотой асуудлаар муудаад байгаа энэ үед АНУ-ын Худалдааны яам дээрх шийдвэрийг гаргажээ.

БНХАУ-ын ган үйлдвэрлэгчид дотоод дахь илүүдэл гангаа их хэмжээгээр гадагш нь гаргаснаар гангийн ханшийг унагаж, дэлхийн зах зээл дээр гажуудал үүсгэж байна гэж АНУ болон Европын ган үйлдвэрлэгчид үздэг байна.

Үүнээс гадна АНУ-ын ган үйлдвэрлэгч томоохон компаниуд Хятадын гангийн импортыг бүрмөсөн хориглох зорилгоор Олон улсын худалдааны эрхийн комисст хандан зарга мэдүүлжээ. Хятадын үйлдвэрлэгчид шударга бус аргаар өрсөлдөж байгаагийн улмаас өнгөрсөн онд гэхэд АНУ-ын гангийн үйлдвэрүүдийн 12 мянга орчим ажилчин ажилгүй болжээ.

Харин БНХАУ-ын зүгээс "гангийн үйлдвэрт үүсээд буй асуудал бол манай эдийн засгийн өсөлт сул байгаатай холбоотой бөгөөд гангийн үйлдвэрлэлийг бууруулах арга хэмжээ авсан" гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

 

 

Холбоотой мэдээ