Дашинчилэн суманд 75,4 мянган бог малыг угаалгад оруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-09-08 12:34:17

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Дашинчилэн суманд мал сүргийг эрүүлжүүлэх намрын арга хэмжээг зохион байгуулж байна. Тус сум 230 гаруй мянган бог малтай бөгөөд мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх ажлыг хийж эхэлжээ.

- Мал эмнэлгийн 2020 оны төлөвлөгөөний дагуу мал сүргийг элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг “Донбэйс”, “Баянсаруул” мал эмнэлгийн нэгжүүд гүйцэтгэж байна. Урьдчилсан дүнгээр нийт 75401 толгой бог малыг угаалаа. Мөн "Монгол мал" үндэсний хөтөлбөрийн тэргүүлэх чиглэлийн хүрээнд төл малд бруцеллёзын вакцин хийх ажил төлөвлөгөөний дагуу хийж байна гэж тус сумын Засаг даргын орлогч С.Мэнд-Амар  ярилаа.

Мал сүргийг өвчнөөс сэргийлж, түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах зорилгоор угаалгад оруулдаг бөгөөд мал давжаарах эрсдэлээс сэргийлж, арьс шир, ноос ноолуур зэргийн чанар, гарц сайжирдаг байна. Мөн паразит болон шимэгчийн өвчлөл буурснаар малын тарга тэвээрэг 20-30 хувиар нэмэгдэж, өвлийг өнтэй давахад дэм болдог гэж мал аж ахуйн мэргэжилтнүүд тайлбарлалаа.

Малыг булхуулж угаах аргыг илүү үр дүнтэй гэж улсын аварга малчин Д.Төмөрбаатар ярьсан юм. Өмнө нь малыг хээрийн аргаар шүршиж угаадаг байсан нь бүрэн гүйцэд ариутгал болж чаддаггүй хонь, ямааны нүдний зовхи, ухархай, чихний уг, эрүүний доод хонхор, суга, цавь, хэвлий, хонго, сагаг зэрэгт байх ширх, паразитыг устгадаггүй байжээ.

Холбоотой мэдээ