Н.Мустафагийн цолыг хоёр өрөө байраар мялаав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-09-06 14:37:52

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд тав давж улсын начин цол хүртсэн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат, “Өлгийн хүчтэн” бөхийн дэвжээ, “Туран Ворлд” компанийн бөх Нурланы Мустафад хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа энэ сарын 5-ны өдөр М.Икей баатрын нэрэмжит Өлгий хотын төв талбайд  боллоо.

Хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр аймгийн удирдлагууд 2016 онд баталсан "Спортын өндөр амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагч, шүүгчдийг мөнгөн шагналаар шагнах журам"-ын дагуу шинэ начны цолыг хоёр өрөө байраар мялаав.

Харин “Өлгий хүчтэн” бөхийн дэвжээний Удирдах зөвлөлийн гишүүн, бизнес эрхлэгч Ж.Нурбек хувиасаа Land cruiser-200 машин бэлэглэлээ.

Ташрамд сануулахад, Баян-Өлгийнхөн төрийн их баяр наадамд амжилттай барилдаж улсын начин цол хүртсэн тус аймгийн харьяат бөх Б.Баабатцол /2016 он/, Б.Серик /2017 он/ нарын цолыг ч 2 өрөө байраар мялаан урамшуулж байсан билээ. 



Холбоотой мэдээ