Дөрвөлжин сум ногоон хөгжлийг дэмжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-09-04 20:08:22

Завхан/МОНЦАМЭ/.Дөрвөлжин сум байгаль орчин, ногоон хөгжлийг дэмжсэн бодлого барьж сумынхаа нийт газар нутгийн 40 гаруй хувийг орон нутгийн тусгай хамгаалалтад авчээ.

Мөн тус сумын нутагт орших Хомын тал буюу тахь нутагшуулан өсгөж буй газар болох 411.403 га газрыг Улсын  тусгай хамгаалалтад авчээ. Энэхүү нутаг нь тус сумын Онц, Буурал, Тавантолгой багийн нутгийг дамнан байршдаг газар юм. Энэ жил “Хомын талын тахь” ТББ-тай хамтран Цөлжилт сэдэвт сургалтыг зохион байгуулж 70 гаруй сурагч хамрагдлаа.

Мөн ногоон хөгжлийг дэмжсэн, хүүхдүүдийн “Амьдрах ухаан- Амин нутаг” клубээс өөрийн арга туршлагыг тахь нутагшуулж буй газар нутаг болох  Онц багийн хүүхдүүдэд танилцуулж эко клуб байгуулжээ. Жил бүр хүүхдүүд байгаль орчин, байгаль хамгааллын танилцах аялалд оролцож байна.  Ногоон сум болох зорилт дэвшүүлж тогтвортой хөгжлийн төлөвлөгөөгөө боловсруулан ажиллаж байна. Дээрх төлөвлөгөөний дагуу “Иргэн бүр мод тарья-тарьсан модоо ургуулъя” аяныг зохион байгуулдаг уламжлал тогтсон байгаа. Энэ аянаар энэ жил гэхэд сумын аж ахуйн нэгж байгууллагууд, айл өрхүүд, нийтийн эзэмшлийн талбай, ногоон зурваст хайлаас, сухай, улиас зэрэг нийт 1200 гаруй модыг тарьж ургуулан модны усалгаа, арчилгааг ээлжээр хийж байна. Манай сумын нутаг дэвсгэрт ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий нийт 13 лицензтэй талбай бий. Үүнээс олборлолт болон хайгуул хийж байгаа компаниудад сумын зүгээс болон аймгийн холбогдох газруудтай хамтарч төлөвлөгөөт хяналт,  төлөвлөгөөт бус хяналт шалгалт, нөхөн сэргээлтийн явцын хяналтыг жилд дөрвөөс таван удаа тогтмол хийж байна гэж Дөрвөлжин сумын ЗДТГ-аас мэдээлэв. Ташрамд тус сум нь ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн төлөвлөгөө бүхий анхдагч сум юм.  

Холбоотой мэдээ