Мах, цагаан идээний өргөтгөсөн худалдаа эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хан-Уул дүүрэгт орших "Лавай" худалдааны төвд өнөөдөр "Мах, цагаан идээ, хүнсний ногоо-2020" өргөтгөсөн худалдаа эхэллээ.
Уг өргөтгөсөн худалдааг 2 дахь жилдээ зохион байгуулж буйг Монголын ХАА-н хоршоологчдын Үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Ц.Алтантуяа хэлж байв. Тэрээр, дэлхий нийтэд тархаад буй "COVID-19"-ийн цар тахлын хорио цээрийн нөхцөлд тухайн орны хүнсний аюулгүй байдлыг хүнс үйлдвэрлэгчид авч явж байна.
Үүний адил манай улсын малчид, тариаланчид хэдий хүнд нөхцөлд байгаа ч хүн амыг хүнсээр тасралтгүй, хүртээмжтэй хангаж байгаа. Тиймээс өнөөдөр эхэлж буй энэхүү худалдаа нь нэг талаас нийслэлийнхнийг дотоодын, эрүүл хүнсээр хангах, нөгөө талаар малчин, тариаланч нараа дэмжих зорилготой"-г онцолсон юм.
Мөн энэ худалдаа нь мах, ногооны үнийг тэнцвэржүүлэх, гарал үүсэл нь баталгаажсан, эрүүл чанарын шаардлага хангасан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн мах, цагаан идээг, хүнсний ногоог хэрэглэгчдэд нийлүүлж, зах зээлийн доод үнээр хүргэх зорилготойг хэлж байв. Өргөтгөсөн худалдааг жил бүр зохион байгуулахаар төлөвлөж буйг тэрээр дуулгасан юм.
Өргөтгөсөн худалдаа энэ сарын 30-ныг дуустал үргэлжилнэ.
Г.Дөлгөөн