ОХУ-аас үр тариа хураах 30 комбайн нийлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-09-03 18:38:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УБТЗ-ын "Улаанбаатар өртөө"-ний  баруун талд байдаг “1000 машины зогсоол”-ыг 11 дүгээр сар хүртэл орон нутгийн ногоочдод бөөний борлуулалт хийхэд ашиглуулна. 


Энэ талаар Улсын ургацын комиссын өнөөдрийн хуралдаанаар хөндлөө. Нийслэлд төмс, хүнсний ногоог хямд үнээр борлуулах, ногоочдын борлуулалтыг дэмжих зорилгоор Нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран 9 дүүргийн 45 байршилд борлуулалтын цэг нээж шинэ ургацын төмс, хүнсний ногооны борлуулалтыг эхлүүлээд байна. 


Хурлын үеэр ургац хураалтын бэлтгэл ажлын талаар ХХААХҮЯ-ны  Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Улсын ургацын комиссын нарийн бичгийн дарга В.Үнэнбатын танилцуулснаар энэ намрын ургац хураалтад ОХУ-аас үр тариа хураах 30 комбайн, Беларусь улсаас төмс хураах зориулалттай  50 трактор, төмс ухагч 30, төмсний гурван комбайныг  ойрын хугацаанд нийлүүлэхээр болжээ. 


Ургац хураалтад нийтдээ 1020 комбайн ажиллахаас 300 нь дэвшилтэт технологид суурилсан, 2-6 жил ашиглаж буй өндөр хүчин чадлын комбайнууд байгаа бол төмс хураах 70 комбайн, төмс ухагч 410, үр тариа цэвэрлэж ялгах, ачих 678 техник, тоног төхөөрөмж бэлэн болоод буйг өнөөдөр мэдээллээ. Дээрх техникийн хүчин чадлаар ургац хураалтыг 20-25 хоногт багтаан авах боломжтой тооцоо гарчээ. 


Холбоотой мэдээ