Үргүйдэлтэй гэр бүлд туслах сан байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2020-09-02 17:45:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган, гэргий Х.Азжаргал нарын байгуулсан “Өөжинмед” эмнэлгийн 5 жилийн ойн баярын үеэр “Аз жаргалыг энгэртээ тэвэрье” сан байгуулсныг зарлажээ.


“Өөжинмед” эмнэлгийн захирал Х.Азжаргалын санаачилгаар энгэртээ тэврэх бяцхан үртэй болох мөрөөдлөө биелүүлэхэд туслах зорилготой сангийн нээлт болж, Монголын нэгэн жаргалтай гэр бүлийн мөрөөдлийг биелүүлэх эхлэлийг урлаг, соёл, бизнесийн салбарынхан хамтран тавилцаж, сангийн үйл ажиллагаанд хандив өргөжээ.


Үргүйдэлтэй гэр бүлд туслах “Аз жаргалыг энгэртээ тэвэрье” сангийнхан хамгийн түрүүнд “Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төвд эмчлүүлж байгаа үйлчлүүлэгчдээс санхүүгийн хүндрэлийн улмаас эмчилгээгээ цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон хосуудад туслах юм байна. 


Сангийнхаа санаачилгыг дэмжиж “Өөжинмед” эмнэлгийн ажилчид нэг өдрийн цалингаа хандивласан бол “Сити палас”, Эко констракшн, Скайтел групп, Монгол HD телевиз, Глобал ацетлин, И-Март сүлжээ дэлгүүр, “Үнэт продакшн”, “Монгол базальт”, “Непко паблишн”, “Тайёо таун” зэрэг компаниуд энгэртээ үрээ тэврэх эрхэм үйлсийг дэмжин хандив өргөжээ. Мөн ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, түүний гэргий Н.Цэлмүүн, Монгол HD телевизийн эзэд болох Г.Бат-Эрдэнэ, Ч.Номин нарын гэр бүл, түүнчлэн урлаг соёлын алдартнууд, ойр дотны хүмүүс нь хандивын үйлсэд нэгдэж, тус хандивын үйлсэд нийт 50 гаруй сая төгрөг цугларсан байна.



Гадаадад өндөр үнэ өртгөөр хийдэг үргүйдлийн эмчилгээ, үр шилжүүлэн суулгах аргыг “Өөжинмед” эмнэлэг Монголд нутагшуулж, өнгөрсөн хугацаанд олон шинэ үйлчилгээ нэвтрүүлжээ. Тухайлбал, унтуулга шаардлагагүй өндгөн эс оруулах, уян гуурс ашиглан үр хөврөлийг шилжүүлэн суулгах, хөлдөөх гэсгээх ажилбарыг эх орондоо анх удаа хийж эхэлсэн.


Мөн үр хөврөлийн хромосомын өөрчлөлтийг илрүүлэх, хүйс тодорхойлох генетикийн шинжилгээ, өндгөн эсийн ээрүүлийн аппаратыг шалган, тарьж үр тогтоох SL-ICSI ажилбар, лазерийн тусламжтай үр хөврөлийн гадна давхаргыг салгах бүрэн автомат LAH-Laser assisted hatching ажилбар, үр хөврөлийг умайн салст давхарга хүлээн авах үеийг тодорхойлох шинжилгээ зэрэг үйлчилгээг Монголдоо үзүүлж байна.


“Өөжинмед” эмнэлгийн IUI болон үр шилжүүлэн суулгах эмчилгээний үр дүнд өнгөрсөн таван жилд 550 хүүхэд төржээ. Анх 2016 онд 58, 2017 онд 127, 2018 онд 142, 2019 онд 156, 2020 оны эхний хагаст 92 гэхчлэн аав, ээждээ аз жаргал хөтлөн ирсэн хүүхдүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.

Холбоотой мэдээ