Эрдэнэ сум 150 хүүхдийн ортой шинэ цэцэрлэгтэй боллоо

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-09-03 09:23:40

Төв /МОНЦАМЭ/. 2020-2021 оны хичээлийн жилийн босгон дээр Төв аймгийн Эрдэнэ сумын “Нарлаг” цэцэрлэгийн 60 жилийн ой тохиож байна. Ийнхүү ойгоо угтан 150 хүүхдийн ортой шинэ цэцэрлэг ашиглалтад оруулж нээлтээ хийлээ.

Цэцэрлэгийн нээлтэд УИХ-ын гишүүн Ж. Батжаргал, аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, сумын удирдлагууд, цэцэрлэгийн үе үеийн удирдлагууд, багш, ажилчид, эцэг эхчүүд болон тус цэцэрлэгийн хүүхдүүд оролцлоо.

Тус цэцэрлэгийг УИХ-ын гишүүн асан М.Энхболдын дэмжлэгтэйгээр, улсын төсвийн 1 тэрбум 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан бөгөөд барилгын ажлыг “Харганы Ус” ХХК гүйцэтгэжээ.

Ийнхүү шинэ байр ашиглалтад орсноор 150 хүүхдийг хүлээн авч цэцэрлэгт хамруулан 19 багш ажилтантай үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломж бүрдэж байгаа аж.

Ташрамд, Эрдэнэ сумын цэцэрлэг нь 1960 онд анх ашиглалтад орж 60 жилийн хугацаанд 75 хүүхдийн ортойгоор 17 багш, ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байжээ. Харин хуучин байрны хувьд ашиглалтын хугацаа хэтэрсэн, эрүүл ахуйн шаардлага хангахгүй болсон тул шинэчлэн барьж, хүчин чадлыг сайжруулах шаардлага тулгарсан байна. 

Холбоотой мэдээ