Вакцины туршилт амжилттай болбол Монгол Улсад нийлүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-09-01 10:12:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзаж, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцов.


Уулзалтад Элчин сайд И.К.Азизов  хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа, хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, санал санаачилгыг танилцуулахын зэрэгцээ ОХУ дахь “COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар товч мэдээлэв. Тэрбээр хэлэхдээ, ОХУ-д сүүлийн 9 өдрийн туршид хоногт 5000-аас доош шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа бөгөөд Монгол Улстай хил залгаа бүс нутгуудын халдварын тархалт харьцангуй бага, Санкт-Петербург хотод дундаж, харин Москва хотод халдварын тархалт өндөр, нөхцөл байдал хүндхэн байгааг мэдээлээд коронавирусний халдварын эсрэг “Спутник-V” вакцины талаар товч танилцуулав. Тэрбээр мөн вакцины туршилт амжилттай болсон тохиолдолд холбогдох хууль журмын дагуу Монгол Улсад нийлүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдлээ.


Түүнчлэн энэ оны 10-12 дугаар сард болох ОХУ-ын эрдэм шинжилгээний байгууллагуудад зохион байгуулдаг, эх хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээрх сургалтуудад монгол эмч мэргэжилтнүүдийг хүлээн авахад бэлэн байгааг мэдэгдээд  “COVID-19 халдварын үед Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд үр дүнтэй байгааг онцлон тэмдэглэж, баяр хүргэв.


Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаатай санал нэг буйгаа илэрхийлээд, ялангуяа ОХУ-ын Москва, Санкт-Петербург хотын эрдэм шинжилгээний байгууллагад зохион байгуулдаг онол, дадлага хосолсон сургалтуудад монгол эмч мэргэжилтнүүдийг тогтмол хамруулдаг нь Монгол Улсад эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулахад чухал хувь нэмэр оруулдаг болохыг онцлон тэмдэглэв.
Мөн “COVID-19  халдварын цар тахлын үед эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангах, халдвараас сэргийлэх чиглэлээр хамтран ажиллаж, түргэн оношлуурыг хандивласанд талархал илэрхийлээд уг халдварыг дотооддоо тархаахгүй, тархсан тохиолдолд хохирол багатай даван туулах нь нэн чухал тул бэлтгэл ажлыг хангах, ялангуяа коронавирусний халдварын үед улирлын томуугийн халдвар өвөрмөц онцлогтой байна гэж үзэж нарийн төлөвлөгөө боловсруулж, вакцины хангамжийг нэмэгдүүлэх зэрэг бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар танилцуулав.


Уулзалтын явцад талууд дээрх болон хамтран хэрэгжүүлж буй бусад үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцаж, сайд Т.Мөнхсайхан эрүүл мэндийн салбарт цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж эхнээс нь ажил хэрэг болгон эхлүүлсэн зарим ажлуудаасаа танилцуулж, хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг улам эрчимтэй хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.


Холбоотой мэдээ