НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Александр Вершбоу айлчлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2015-09-25 19:01:52

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн урилгаар НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Элчин сайд Александр Вершбоу манай улсад ажлын айлчлал хийлээ.

Түүнийг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хүлээн авч уулзан албан ёсны хэлэлцээр хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцов. Энэ үеэр сайд Ц.Цолмон хэлсэн үгэндээ, Монгол Улс дэлхий дахины тогтвортой байдлыг хангах, ардчиллыг дэмжихэд чиглэсэн энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого баримтлаж байна. Энэ бодлогын хүрээнд НАТО-той харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийг эрмэлзэн “Батлан хамгаалах боловсролыг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг 2012 онд байгуулсан.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс нь НАТО-гийн түнш орон болсноор харилцаа хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байна. Монгол Улс НАТО-гийн түнш орон болсноор НАТО-гоос зохион байгуулж  буй дээд хэмжээний чуулга уулзалтад тогтмол оролцож байна. Түүнчлэн олон улсын аюулгүй байдалд тулгарч буй асуудал, НАТО-гийн бодлого, тус эвслээс Афганистанд НҮБ-ын мандаттайгаар явуулж байгаа энхийг дэмжих ажиллагааны бодлого, үйл ажиллагаатай танилцах, санал солилцох, мэдээлэл авах боломж бүрдэж байгаа гэж онцлов.

Тэрээр, цаашид хамтын ажиллагааны ололт, амжилтыг улам бататгаж, энхийг дэмжих ажиллагааны сургалт, судалгаа, бүс нутгийн аюулгүй байдал болон НАТО-гийн тэргүүлсэн олон улсын цэргийн ажиллагааны талаар мэдээлэл авах, санал солилцох чиглэлээр хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсний зэрэгцээ НАТО-гийн талаас манай улстай тогтоосон түншлэлийн харилцааны хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа тухай дурдаж, сургалт бэлтгэлийн салбар дахь хамтын ажиллагаа цаашдын харилцааны суурь дэвсгэр болохыг онцлон тэмдэглэсэн.

Харин НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Элчин сайд А.Вершбоу, “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаа 2016 оны 12 дугаар сард дуусах гэж байгаатай холбогдуулан НАТО-гийн зүгээс Афганистанд улс төрийн нөлөөллийг идэвхжүүлэх бодолтой байгааг дурдаж, цэргийн оролцоо тодорхой хэмжээгээр үргэлжлэх учраас Монгол Улс цэргийн алба хаагчдаа үргэлжлүүлэн илгээх боломжтой эсэх талаар харилцан санал солилцлоо. Түүнчлэн БХИС-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Батлан хамгаалах боловсролыг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг үргэлжүүлэх, цэргийн сургалт, бэлтгэл болон Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд хээрийн сургууль дадлага хамтарч зохион байгуулах санал дэвшүүлэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд