Аймгийн засаг дарга бизнес эрхлэгчидтэй уулзав

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-09-01 16:01:41

Хэнтий /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг дарга Хэрлэн сумын бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчидтэй өнөөдөр уулзлаа.

Уулзалтад барилгын салбар, жижиг дунд үйлдвэрлэгчид, ШТС-ын төлөөлөл, уурын зуух, ахуйн үйлчилгээ, хүнсний ногооны салбар, худалдаа эрхлэгчдээс бүрдсэн 70 шахам бизнес эрхлэгчид хүрэлцэн ирсэн бөгөөд тэдэнд аймгийн ОБГ-аас коронавирустэй холбоотой зөвлөмж хүргэлээ. Үргэлжлээд Мэргэжлийн хяналтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтсээс мэдээлэл хийж өнгөрсөн хавар бизнес эрхлэгчидтэй байгуулсан санамж бичиг, түүний гүйцэтгэлд үнэлэлт, дүгнэлт өглөө.

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нэн тэргүүнд Хэнтий аймгийн төсвийн орлого өнөөдрийн байдлаар 1,3 тэрбум төгрөгөөр давж биелээд байна. Энэ бол бизнес эрхлэгчид та бүхний хөдөлмөр, хүчин зүтгэлийн илэрхийлэл хэмээж, талархал дэвшүүллээ.

Тэрбээр Хэнтий аймгийн Засаг даргаар томилогдсоноос хойших ажлаа товч танилцуулан, бизнес эрхлэгчдийн сонирхсон асуултад хариулж, шийдвэрлэвэл зохих асуудлыг тэмдэглэн авч, судалж үзэхээр боллоо. Бизнес эрхлэгчдээс ИНБ-уудын сүлжээг байртай болгох, ААН, жижиг дунд үйлдвэрүүд халаалтад хөнгөлөлт эдлэх, Чингис хотоос мал аж ахуй эрхлэгчдийг гаргах, ногоочдын тогны асуудал, мэдлэгээ тэлэх сургалт авах, 200 тоннын багтаамжтай зоорийн асуудал, Төсөл арга хэмжээ, салбарын мэдээллийн урсгалыг сайжруулах гэх мэтчилэн арав гаруй асуудал дэвшүүллээ. Мөн үеэр аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимд өрөө шийдвэрлэн өгч буйг Засаг дарга мэдэгдэв.

Бизнес эрхлэгчидтэй хийх уулзалтыг цаашид үе шаттайгаар зохион байгуулах, мэдээллээ тогтмол солилцох, гаргасан санал, дэвшүүлсэн асуудлыг ажил хэрэг болгох талаар талууд зөвшилцөж, уулзалт өндөрлөлөө.

Холбоотой мэдээ