Эмийн үнийн дарамт ба хөнгөлөлт

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2020-08-26 16:33:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол улсыг 2021-2025 он хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд “Эмийн хяналтын агентлаг” байгуулах талаар тусгажээ. УИХ түүнийг хэлэлцэж эхэлсэн нь эмийн үнийн өсөлт ба хөнгөлөлтийг  хөндөн ярих нөхцөлийг бүрдүүлсэн юм. Төсвийн мөнгийг үр ашигтай зарцуулах үүднээс төр дээрх чиглэлийн агентлаг байгуулах нь зөвүү гэсэн гишүүдийн ерөнхий асуултад Эрүүл мэндийн сайд Т. Мөнхсайхан, бүтэц бий болгох зайлшгүй шаарлгатай. Орон тоо бол нэмэгдэнэ. Цалингийн зардалаас илүүтэй эдийн засагт үр дүнгээ өгнө гэсэн утгатай хариулт өгсөн юм.


Импортолж байгаа гурван эмийн нэг нь хуурамч, улсын хилээр орж ирж байгаа эмийн үнийг 68 хувиар өсгөж борлуулдаг гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМ)  судалгаагаар тогтоожээ. Энхүү эмийн хэрэглээ, үнийн зохицуулалтыг хяндаг агентлагтай болсоноор улсын эдийн засаг, өрхийн амьжиргаанд сайн нөлөө үзүүлнэ, үр дүн гарна гэж эрүүл мэндийн салбарынхан бодлогын баримт бичигт шинэ бүтцийн талаар тусган УИХ-аар хэлэлцүүлж байгаа нь энэ. Тэгэхээр эмийн импортын талаарх тоо баримтыг шүүрдэн үзье.


Монгол улс 2018 онд 362.5 тэрбум төгрөгийн эм импортолж 299 тэрбум төгрөгийн (бөөний) борлуулалт хийжээ. Эмээс гадна 100 тэрбум төгрөгийн эмнэлгийн хэрэгсэл, урвалж, оношлуур импортолжээ. Энэ салбарт эм, эмнэлгийн хэрэгслийг импортлохын зэрэгцээ дотоодод 41 үйлдвэр эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулалт хийдэг.  Эмийн салбарт 2018 онд шалгалт хийхэд эм ханган нийлүүлэх 573 байгууллага хамрагджээ. Монгол улсын эмийн бүртгэлд тухайн үед таван мянга 916 төрлийн эм байсан аж. Түүний 31.4 хувийг жоргүй, 68 хувийг эмчийн жороор олгодог. Харин 0.6 хувийг зөвхөн эмнэлгийн нөхцөлд өвчтөн хэрэглэх хууль, эрх зүйн зохицуулалттай байж. Эмчийн жороор, тэр дундаа өрхийн эмчийн жороор Эрүүл мэндийн даатгалын санд (ЭМДС) шимтгэл төлдөг даатгуулагч эмийн хөнгөлт эдэлдэг.


Энэ оны 3 дугаар сард  ЭМДЕГ “ хоёрдугаар сарын сүүлийн долоо хоногт улсын хэмжээнд 23.3 мянган даатгууллагч эмийн хөнгөлөлтөд хамрагдаж байсан. Гэтэл гуравдугаар сарын сүүлийн тав хоногт  53.4 мянгад хүрч 2,3 дахин нэмэгдлээ. Хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтаар 1026 эмийн сан том хүнд 175 ерөнхий нэршлийн 643 эмийг хүүхдэд 53 ерөнхий нэршлийн 159 нийт 800 гаруй  нэр төрлийн эмэнд дунджаар 20-80 хувийн  хөнгөлөлт үзүүлдэг” гэж мэдээлсэн байх юм. Эмийн үнийн хөнгөлөлтөд 2010 онд давхардсан тоогоор 380 мянган даатгуулагч хамрагдаж  хоёр тэрбум төгрөг зарцуулж байжээ. Тэгвэл  2019 онд энэ тоо 1,5 сая хүрч, 40.6 тэрбум төгрөг зарцуулах болжээ.  


Өрхийн эмчийн жороор олгодог эмийн хөнгөлөлттөд хамрагдах даатгуулагчийн тоо, тэдэнд үзүүлэх мөнгөн дүн өсөж, санхүүжилтын хомосдол сүүлийн жилүүдэд гарах болжээ. Гэтэл  ЭМДС 2020-ны 8 дугаар сарын байдлаар 557 тэрбум төгөргийг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулсан байна. Арилжааны банкуудад тус сангийн мөнгийг хүү олох зорилгоор байршуулж эрэсдэлд орох нөхцөл бүрдүүлсэн бололтой.  Тус сангийн мөнгө тухайн жилдээ зориулалтаараа зарцуулагдах ёстой юм байна.   Цаашдаа “ЭМДС-ийн мөнгийг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулахгүй. Төрийн санд төвлөрүүлнэ” гэж УИХ-ын (2020 оны 8 дугаар сарын 21) чуулганы нэгдсэн хуралдаан дээр Сангийн сайд хэллээ. Үндсэн чиглэл баталсны дараа тус сангийн мөнгийг арилжааны банкнаас эргүүлэн татах  бололтой.


Ер нь  иргэн бүр эрүүл мэндийн даатгал (ЭМД)-д албан журмаар заавал даатгуулах үүрэгтэй. Энэ нь ЭМД-ыг сайн дураараа төлнө гэсэн ойлголт байхгүйг  бидэнд сануулж байгаа эрх зүйн ойлголт.  Иргэн даатгалын шимтгэл төлсөнөөр жилд хоёр сая төгрөгийн тусламж, үйлчилгээг авах боломж бүрдэнэ.  Харин  өвдөхгүй, тусламж үйлчилгээ аваагүй тохиолдолд таны, миний эрүүл мэндийн даатгал гэр бүлээс тань хэн нэг хүн яаралтай өндөр өртөгтэй хагалгаанд орох болвол түүнд шилжүүлэн  ашиглах боломжтой гэнэ.  


Эмийн хөнгөлөлтийн талаарх мэдээлэлд ”800 гаруй  нэрийн эмэнд дунджаар 20-80 хувийн үнийн  хөнгөлөлт үзүүлдэг” гэсэн нь олны анхаарлыг их татжээ. ЭМДС-аас үзүүлж байгаа эмийн хөнгөлөлтийн хувь хэмжээ, улсын хилээр орж ирж байгаа үнийг 68 хувиар өсгөсөн эмийг ЭМДС-аас 80 хувь хөнгөлүүлээд авлаа гэхэд 12 хувийн хөнгөлөлт болно. Энэ энгийн ойлголтын хүрээнд авч үзвэл ЭМДС-д шимтгэл төлөгч иргэн 80 хувийн бус 12 хувийн хөнгөлөлттэй  эм худалдан авсан болж таарна.  Ийм учраас  эмийн үнийн  68 хувийн өсөлт ЭМДС-д дарамт болж байна гэлтэй. Харин шимтгэл төлөөгүй иргэд 68 хувиар өссөн хэлбэрээр нь худалдан авна. Энэ бол хувь хүн дээр ирж байгаа эмийн үнийн өсөлтийн дарамт гэж ойлгож болох бололтой.


Ер нь  хэзээч хүн өвчин тусах магадлал өндөр тул эрүүл мэнд эрсдэл дагуулдаг онцлогтой. Хувь хүн өвчилсөн нөхцөлд эмчилгээ, эм тарианы мөнгө шаардлагатай болдог.   Гэнэтийн ийм  бэрхшээлийг тойрон гарах гол арга нь  эрүүл мэндийн даатгал гэж мэргэжилтнүүд  хэлдэг. Гэтэл  ЭМД-аас  даатгуулагч  16 төрлийн тусламж үйлчилгээг авах ёстой юм байна. Тэр бүхнээс олонд хүртээлтэй, олон хүн хамрагддаг эмийн хөнгөлөлтийн талаар зарим нэг тоо баримтыг дээр дурьдлаа. Түүн дотор бидний мэдэхгүй олон зүйл байна. Хуулиар нарийвчлан зааж өгсөн гэх бусад 15 төрлийн үйлчилгээг  хүн бүр авч чадаж байгаа болов уу. 

Холбоотой мэдээ