Элчин сайд Дэйв Воусэн Дархан-Уул аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-08-26 15:50:03

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэйв Воусэн өнгөрсөн баасан гарагт Дархан-Уул аймагт ажлын айлчлал хийлээ. Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, аймгийн ХОХБТХ-ийн дарга Н.Батсүх, аймгийн НБХ-ийн дарга Н.Цасчихэр нартай албан уулзалтыг Хүндэтгэлийн танхимд хийж цаашид хамтран ажиллах талаар санал солилцсон юм. 
Монгол Улс Австрали улстай 1972 оноос эхлэн дипломат харилцаа тогтоосон бөгөөд өнгөрсөн хугацаанд буцалтгүй тусламж, магистрын тэтгэлэг, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр иржээ. 
Манай аймагт айлчлал хийснээр магистрын тэтгэлэгт хөтөлбөр, буцалтгүй тусламжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч хамтран ажиллахаар болсон юм. Мөн цахилгаан дулааны 2 дахь эх үүсвэр, өндөр хүчдэлийн цахилгаан хангамж, ус хангамж, ус дамжуулах шугамын шинэчлэлт, дахин төлөвлөлтийн талаарх асуудлыг аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат танилцуулж дээрх чиглэлүүдэд анхаарал хандуулж төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.  Албан ёсны уулзалтын дараагаар Австрали улсын Элчин сайд Дархан арьс ширний цогцолбор, Дархан нэхий, Дархан минж гээд томоохон үйлдвэрүүдтэй танилцсан байна.

 

Холбоотой мэдээ