Хүнийг 14 хоногийн турш унтуулах "ичээний өрөө" зохион бүтээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
nyamtulga@montsame.mn
2016-05-17 13:32:27

ВАШИНГТОН. /Sputnik/. НАСА-гийн эрдэмтэд сансарт аялж буй хүмүүсийг 14 хоногийн турш унтуулах боломжтой “ичээний өрөө”-г хагас сая долларын өртгөөр зохион бүтээх гэж байгаа аж.

НАСА агентлаг "Шинэлэг дэвшилтэт үзэл баримтлал" хөтөлбөрийнхөө хүрээнд “SpaceWorks” компанитай хамтран “урт хугацаанд унтах горим”-ын системийг анх удаа зохион бүтээхээр ажиллаж байна.

Гараг хоорондын нислэгийн үеэр хүний хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах санааг ирээдүйтэй шийдэл хэмээн үздэгээ “SpaceWorks” компанийн гүйцэтгэх захирал Жон Брэдфорд мэдэгджээ.

“Ичээний өрөө” нь хүйтэн агаарыг ашиглан хүнийг гипотермийн нөлөөнд оруулж, 14 хоногийн турш унтуулах бөгөөд биеийн байдлыг нь мэдрэгчээр хянаж, судсаар нь хоол тэжээл өгөх ажээ. Харин катетераар шээсийг гадагшлуулна. 

Өнөө үед ийм төрлийн технологийг зүрхний шигдээсээр өвчилсөн болон нуруу нугасны гэмтэлтэй хүмүүсийн тархинд гэмтэл үүсэхээс сэргийлэхийн тулд ашигладаг байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ