Загастайн давааны ажил 80 гаруй хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-08-21 16:37:00

Завхан/МОНЦАМЭ/. Загастайн давааны авто замын ажил 80 гаруй хувьтай байна. Тус замын ажлыг удаашралтай байгаа талаар иргэд цахим орчинд шүүмжлэл өрнүүлж буй. Тиймээс тус замын ажлын явц хэрхэн өрнөж, хэдэн хувьтай байгаа талаарх мэдээллийг аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс асууж тодрууллаа.  

Нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдоогүй ганц аймаг бол манай аймаг. Тосонцэнгэлээс Улиастай хүртэлх замыг хатуу хучилттай болгох ажил царцдаг, гацдаг байсан нь саяхан. Бүр тодруулбал, 2012 оноос хатуу хучилттай замтай болохоор төлөвлөж, төсөвлөсөн түүхтэй.  Тэгвэл 2016 оны наймдугаар сард БНХАУ-ын Элчин сайд Завхан аймагт айлчлах үеэр аймгийн Засаг дарга Д.Батсайхан хад асга ихтэй, уулын хамгийн хүнд зам гэгддэг Загастайн давааны хатуу хучилттай замыг Хятадын хөнгөлөлттэй зээлийн хэмнэгдсэн хөрөнгөөр барьж өгөх тухай асуудлыг уламжилсан. Олон удаагийн уулзалтын үр дүнд 2016 оны наймдугаар сарын 30-ны өдөр хэлэлцээр хийхийг зөвшөөрсөн анхны протокол гарч, 2017 оны  тавдугаар сарын 2-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор хөрөнгийн асуудал  бүрэн шийдэгдсэн билээ. Түүнээс хойш тендер зарлах, гүйцэтгэгч, зөвлөх, хяналтын компаниудыг шалгаруулах, Хятадын Эгзим банктай гэрээ байгуулах зэрэг олон шат дамжлагын дараа 2019 оны долоодугаар сард авто зам барилгын ажил эхэлсэн.

Өнгөрсөн намар Улиастайгаас гарах долоон километр, 114 километр замын төгсгөлөөс 10 километр, нийт 17 километр замын хатуу хучилтыг хийж гүйцэтгэсэн юм. Харин одоо бол Завханчууд тавин километр шороон замаар зорчиж буй.

2019 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр хүртэл Загастайн давааны замын өргөтгөл, хадны тэсэлгээ, газар шорооны ажлыг үргэлжлүүлсэн.

Өнөөдрийн байдлаар 30 километр замын газар шорооны ажил  дуусаж, хатуу хучилтыг эхлүүлээд байна. Арж роуд ХХК-ийн ерөнхий инженер А.Отгонбат: -“Суурь хучилт хийсэн хэсгүүддээ таван см хүртэл нэмэлт хучилт хийнэ. Давааны зарим хэсэгт 30 орчим метр ухаж, хайс хамгаалалт, тэмдэг тэмдэглэгээг хийж байна. Замын ажил хэвийн явж байна. Уулнаас ус бууж ирэх зурваст тохируулан ус зайлуулах хоолойнуудыг хийж байгаа. Зарим газраа нэг км зайтай бол зарим хэсэгт 200-300 метрт ч ус зайлуулах хоолойг суурилуулах шаардлагатай байгаа юм. Энэ зун хур элбэгтэй байгаа ч ажлаа цаг хугацаанд нь дуусгахаар хичээж байна. Энэ замын ажил арваннэгдүгээр сарын 01 гэхэд бүрэн дуусна” гэж мэдээлэл өгсөн байгаа. Замын ажлын явцыг аймгийн ЗДТГ-аас ажлын хэсэг гарч, мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан хяналтыг тогтмол хийж байгаа гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

 

Загастайн давааны зам нь уулын орой дээрх анхны зам юм 


Загастайн давааны зам нь Монголд анх удаа уулын орой дээр хийгдэж буйгаараа онцлогтой зам юм.

Түүнчлэн эгц өндөр хад байц ихтэй, уулын замын ажил нь хүндрэлтэй, удаашралтай байгаа. Гэсэн хэдий ч замын компаниуд бүрэн хүчин чадлаараа гүйцэтгэл сайтай ажиллаж байгаа гэв. Мөн Завхан аймагт өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 627.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн нь 2004-2016 онуудад хийгдсэн нийт хөрөнгө оруулалттай харьцуулахад хоёр дахин их хөрөнгө оруулалт юм. Аймгийн Засаг даргын санаачилгаар гадаад зах зээлээс 44.4 тэрбум төгрөгийг босгож 38 төрлийн ажил гүйцэтгэлээ. Өнгөрсөн жилүүдэд хатуу хучилттай авто зам барилгын ажил эрчимтэй өрнөснөөр Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км авто зам ашиглалтад орж, Загастайн давааны замын хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж чадсан. Наймдугаар сар дуусахаас өмнө Загастайн давааны 25 км метр замын хучилтыг дуусгахаар төлөвлөсөн тухай замын компаниуд мэдээлсэн байгаа. Үлдсэн 25 километр замын ус зайлуулах хоолой, далангийн ажлуудыг үргэлжлүүлэн хийж байна. Ингээд энэ он дуусахаас өмнө Завхан аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдоно гэв. 

Холбоотой мэдээ