БСШУБХ: Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгээр зарчмын зөрүүтэй дөрвөн санал гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-08-18 16:21:21
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар,  Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.  


Төслийн талаарх илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Тэрээр, танилцуулгад дурдсан арга хэмжээг хэрэгжүүлснээр нэгдсэн төсвийн нийт орлого  10.7 их наяд төгрөг, нийт зарлага 14.6 их наяд төгрөг, төсвийн алдагдал 3.8 их наяд төгрөг буюу ДНБ-ний 9.9 хувьтай тэнцэхээр байгааг тэмдэглэв.


Танилцуулга, төсвийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Учрал, Ц.Мөнхцэцэг, Г.Мөнхцэцэг, Г.Амартүвшин, Ж.Чинбүрэн, П.Анужин, Т.Энхтүвшин, Ч.Ундрам, Б.Жаргалмаа нар хууль санаачлагч болон Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах  төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Учрал, "Төрийн байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцох асуудал удаашралтай байдлаас шалтгаалж Боловсролын зээлийн сан зээл өгдөггүй гэсэн гомдол иргэдээс ирж байна. Боловсролын салбарын цахим шилжилтэд дэмжлэг болгох, орчин үеийн технологи нэвтрүүлэх төсөв нэмэхэд УИХ-ын түвшинд дэмжмээр байна хэмээв. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар үүнд хариулахдаа, цаас нэхэж төрийн үйлчилгээ үзүүлдэг арга хоцрогдсон гэдэгтэй санал нийлж буйгаа  илэрхийлээд, COVID-19 цар тахлын үед халдвар тархаахгүй байх, цаашид авлига, замын түгжрэл зэрэг нийгмийн сөрөг үзэгдэлд цэг тавих үүднээс Засгийн газар ойрын үед цахим руу шилжих шилжилтийг бүх яам, салбарт хийхээр зорьж байгааг хэллээ.  


УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, шинжлэх ухааны суурь судалгааны болон дэлхийн шилдэг их сургуулиудад тэтгэлгээр суралцах зардал багасаж төлөвлөгдсөнийг нэмэх, УИХ-ын гишүүн  П.Анужин COVID-19 цар тахлыг дотооддоо алдаагүй бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэхдээ оновчтой ажлыг төлөвлөх, төсвийг нь нэмэгдүүлэх боломжийн талаар асууж хариулт авав.  Асуулт, хариулт дууссанаар УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Ё.Баатарилэг, Ч.Ундрам, П.Анужин нар зарчмын зөрүүтэй санал гаргаж, саналын үндэслэлээ тайлбарлан үг хэлэв. 


УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн гаргасан Төсөл арга хэмжээний нэр өөрчлөх буюу Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд цэцэрлэгийн барилга худалдаж авах гэснийг Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд цэцэрлэгийн барилга барих гэж өөрчлөх саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80.0 хувь нь дэмжлээ. 


УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн гаргасан Боловсролын зээлийн сангийн хөрөнгө оруулалтын урсгал зардалд 8.8 тэрбум нэмж, Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцаас буюу салбарын хөрөнгө оруулалтын санхүүжих дүнгээс мөн хэмжээний мөнгийг хасах гэснийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60.0 хувь нь, УИХ-ын гишүүн Ч.Ундрамын гаргасан бараа, хангамж материалын зардал 4.2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг боломжоороо танаж хүүхэд харах үйлчилгээний зардалд 2.5 тэрбум төгрөг нэмж тусгах саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь дэмжлээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн П.Анужингийн гаргасан цэцэрлэгт хамруулахгүйгээр шийдвэрлэсэн хоёр настай хүүхдүүдийн зардлаас хасаж, Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцад хүүхэд харах үйлчилгээнд 2 тэрбум төгрөг нэмэх саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь нь дэмжлээ.


Ийнхүү дээрх хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг дуусгаж, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд танилцуулахаар боллоо. 


Дараа нь Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав. 


Хуулийн төслийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн танилцуулав. Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсвийн ерөнхийлөн захирагчийн нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 1 их наяд 784.8 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, урсгал зардалд 1 их наяд 178.8 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 559.0 тэрбум төгрөг зарцуулсан байна. Улсын төсвөөс 1 их наяд 778.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон бол төсөвт байгууллагын өөрийн орлогоор 5.8 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлсэн гэлээ. 


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж үргэлжлүүлэн Үндэсний аудитын газраас хийсэн санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд  хийсэн аудитын талаар танилцуулав. Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын захирал Ц.Наранчимэг танилцуулгадаа, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын /хуучин нэрээр/ эрхлэх асуудлын хүрээний байгууллагын 2019 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд нийт 121 санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 97 байгууллагад дүгнэлт гаргаж, 19 байгууллагыг түүвэрт хамруулж, 4 байгууллагад итгэл үзүүлж, 1 байгууллага аудитад хамрагдаагүй байна. Дүгнэлт гаргасан 97 байгууллагаас 81 байгууллагад “Зөрчилгүй”, 13 байгууллагад “Хязгаарлалттай”, 2 байгууллагад “Сөрөг”, 1 байгууллагад “Санал дүгнэлт өгөхөөс татгалзсан” дүгнэлт өгсөн. Аудитаар нийт 131.3 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 50.7 тэрбум төгрөгийн алдааг залрууллаа. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагын 2019 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн хэмээв. 


УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Н.Учрал нар Ажлын багаас асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ч.Ундрам “Сөрөг” болон “Санал дүгнэлт өгөхөөс татгалзсан” дүгнэлт өгсөн болон аудитад хамрагдаагүй байгууллагын талаар тодруулж, удирдлагад нь ямар хариуцлага тооцох талаар асуув. Асуултад Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын  захирал Ц.Наранчимэг хариулахдаа, Спортыг дэмжих санд шаардлагатай баримт материалыг ирүүлээгүйгээс санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэл үнэн зөв илэрхийлэгдсэн эсэх талаар аудитын хангалттай ба зохистой нотолгоог олж авч чадаагүй учир санал дүгнэлт өгөхөөс татгалзсан, “Дорнод” их сургууль болон Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуульд  “Сөрөг” дүгнэлт өгсөн, Хөдөө аж ахуйн техникийн шинжлэх ухаан, технологи үйлдвэрлэлийн нэгдэл аудитад хамрагдаагүй. Эдгээр байгууллагуудын удирдлагад хуульд заасан ажлаас чөлөөлөх зэрэг хариуцлага тооцуулахаар хандсан гэлээ. 


УИХ-ын гишүүн Н.Учрал Шинжлэх ухаан технологийн санд аудит хийх  талаар саналаа хэлж, мэдээлэл технологийн салбарт хэрэгждэг төсөл хөтөлбөр мөнгө угаах үйл явц болсон эсэх талаар асууж, хариулт авлаа.


Хуулийн төслийн талаарх танилцуулга, Аудитын дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Баярсайхан нар үг хэлэв. 


Ийнхүү “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” тогтоолын төслийн  хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж дууссанаар Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд танилцуулахаар тогтов.

Холбоотой мэдээ