БНСУ-д халдварын хоёр дахь давалгаа дэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-18 15:02:32

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын нийслэл хот дахь сүмээс үүдэлтэй халдварын тохиолдлын тоо буурахгүй байгаа учир тус улс дахь коронавирусний өдөрт илрэх халдварын тоо нэмэгдсээр байгаа бөгөөд эрх баригчид Сөүл хот орчимд урьдчилан сэргийлэх илүү хатуу арга хэмжээ авахаар төлөвлөж байна.   


БНСУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, өнгөрсөн хоногт тус улсад “COVID-19”-н 246 шинэ тохиолдол илэрснээс 235 нь дотоодод халдварласан тохиолдол байжээ. Нийт халдварын тохиолдлын тоо 15761-д хүрлээ. 


Халдварын тохиолдол Өмнөд Солонгост гурван оронтой тоо руу шилжээд тав дахь өдрөө болж байна. Тухайлбал, баасан гарагт тус улсад 103 шинэ тохиолдол илэрсэн бол бямба гарагт 166 тохиолдол бүртгэгджээ.  


Харин ням гарагт тус улсад 279 тохиолдол илэрсэн нь 3 дугаар сараас хойш анх удаа 200 давсан өндөр үзүүлэлт болжээ. Тийнхүү сүүлийн 5 хоногийн хугацаанд БНСУ-д 1000 орчим тохиолдол шинээр илэрсэн байна. 

Холбоотой мэдээ