Завьт эргүүл 10 дугаар сар хүртэл ажиллана

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2020-08-13 15:48:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн худалдааны зарим томоохон төвд гэнэтийн шалгалт хийхэд иргэн Д, Б нар хоёр удаагийн үйлдлээр 2 ширхэг тарваганы мах борлуулах гэж байсныг илрүүлж зөрчлийг таслан зогсоожээ. Энэ тухай НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй өнөөдөр мэдээллээ. 

Мөн Налайх дүүрэгт худгийн эхэнд үхсэн тарвага байна гэсэн дуудлагын дагуу онцгой байдал, мэргэжлийн хяналтын байгууллагынхан очиж халдваргүйжүүлсэн байна. Лабораторын шинжилгээгээр, ямар нэгэн тахлын эх үүсгэвэргүй, байгалийн жамаар үхсэн тарвага болохыг тогтоожээ. 

Сүүлийн үед бороо үргэлжлэн орж байгаагаас усны түвшин нэмэгдэн, үерийн нөхцөл байдал дахин бий болж буй учир Туул, Тэрэлж гол дагуу завьт эргүүлүүд өглөөний 9.30 цагаас орой 21.30 цаг хүртэл тогтмол ажиллаж байна. 6 дугаар сарын 15-наас эхэлсэн эргүүл 10 дугаар сарын 15 хүртэл ажиллана гэлээ. Энд цагдаагийн байгууллага, Нийслэлийн гэр бүл, залуучуудыг хөгжлийн газраас албан хаагчид хүч нэмэгдүүлэн ажиллаж өнгөрсөн хугацаанд 280 иргэнийг авран хамгаалжээ. 


Өнөөдрийн байдлаар усанд осолдсан 3 хүнийг бүртгэн Туул, Тэрэлж голд эрэн хайж байна. 11 настай нэг хүүхэд Тэрэлж голд эндсэн. Мөн 8 дугаар сарын 4-нд Тэрэлжид 25 настай эмэгтэй усанд осолдсон дуудлагын дагуу НОБГ, цагдаа, орон нутгийн байгууллага, иргэд хамтарсан 200 хүнтэй баг эрлийг үргэлжлүүлж байна. Мөн Туулын гүүрний хажууд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 24 настай эрэгтэй толгойгоо угаах гэж байгаад усанд унан урссан мэдээллийн дагуу эрэн хайж байгаа талаар мэдээллээ. 


Мэдээллийн үеэр НБОГ-ын Амьтан, ургамал хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмонбаатар сүүлийн үед нийслэлд, суурьшлын бүсэд ан, амьтан орж ирэх болсон тухай танилцууллаа. Тодруулбал, 8 дугаар сар гарсан сүүлийн 14 хоногт энэ талаар НБОГ-ын 323 780 болон нийслэлийн шуурхай удирдлага зохицуулалтын төвийн утсанд 21 дуудлага иржээ. 

Үүний 1 нь хоргүй, рашааны могой, үлдсэн 6 нь хортой могой буюу бамбай хоншоорт могойтой холбоотой дуудлага байжээ. БЗД-т 4 удаагийн дуудлага, ХУД, БГД, СХД-т нэг нэг дуудлага бүртгэгдсэн. Мөн Санзайн зуслан орчимд байвгайн мөр байна гэсэн дуудлагын дагуу очиж шалгахад хүрэн байвгайн мөр болохыг тогтоожээ. 

Улаанбаатар хотын хойд хэсгийн ногоон бүс Хан Хэнтийн нуруунд хамрагддаг, ойр байдаг тул хүрэн баавгай болон бусад төрлийн амьтад гүйдлээр орж ирдэг байна. Иймд иргэд ой модонд амарч, зугаалж явахдаа ан, амьтнаас болгоомжилж, тэдэнтэй учирсан тохиолдолд тайван харьцаж, дуудлага өгөх, мөн самар, жимс боловсорч гүйцээгүй үед хууль бусаар түүх, гал алдах зэргээс сэрэмжтэй байхыг анхаарууллаа. 

Т.Энхтогтох

Гэрэл зургуудыг Н.Батбаяр



Холбоотой мэдээ