Тахийн нэрэмжит анхны ил захидал хэвлэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-08-12 09:41:02

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт орших Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргааны хамт олон Тахийн нэрэмжит анхны ил захидлыг санаачилж, хэвлүүлжээ.


Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэг бол тахийн унаган нутаг юм. Нотолгоо нь тус Дархан цаазат газарт дэлхийд “Тахь” гэдэг амьтны нэр орсон хамгийн олон газар, ус оршдог. Үүнд: Тахийн шар нуруу, Тахийн хөх өндрийн нуруу, Тахийн ус, Тахийн цавчаал, Тахийн мах дараач, Тахийн тал зэрэг газар нутаг хамрагдана. Мөн хамгийн сүүлчийн зэрлэг тахийн ганц азарга “Гүнтамга” хэмээх газар 1969 онд Монголын эрдэмтэн Н.Довчинд харагдсан хэмээн тахь судлаачид тэмдэглэсэн байдаг. Иймд  Зүүнгарын говьдоо эргэн ирсэн анхны ил захидалдаа Гүнтамгын эхэнд сүргээ харуулдан алхах “Азаа” нэртэй, 4529 удмын дугаартай идэрхэн насны азарганыхаа зургийг оруулж тахь эх нутагтаа устсан гашуун түүхийг эдгээж чадсанаа бахархан харууллаа хэмээн Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргааны дарга О.Ганбаатар онцоллоо. Тэрээр: “Энэхүү ил захидлыг бүтээхэд чин сэтгэлийн туслалцаа үзүүлсэн Говь-Алтай аймгийн шуудан үйлчилгээний газрын дарга, Бугат нутгийн унаган хүү Ж.Амартүвшин, фото зургийг сүүдэрлэсэн Олон улсын тахь группын судлаач С.Далайцэрэн нарт талархсанаа илэрхийлье. Ард иргэд та бүхэн Шуудан үйлчилгээний салбараас ил захидлыг худалдан авч байгаль хамгаалах ариун үйлсэд хандив өргөөрэй" хэмээсэн юм.


Холбоотой мэдээ