Чевнингийн тэтгэлэгт хамрагдах монгол оюутны тоог нэмэх талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
sodonizm@gmail.com
2020-08-07 12:11:02

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малонтой уулзаж, боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.


Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамнаас жил бүр олгодог Чевнингийн тэтгэлэгт Монгол Улсаас энэ онд 7 оюутан хамрагдана. Санхүүгийн нөхцөлөөс хамаарч оюутны тоог нэмэх боломжийн талаар талууд санал солилцов.  Мөн энэ оны нэгдүгээр сард болсон Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалтын үеэр Монгол Улсад Кембриджийн хөтөлбөртэй ерөнхий боловсролын сургуулийн тоог нэмэх тохиролцоог хэрэгжүүлэх талаар ярилцлаа.


Хөдөө орон нутагт олон улсын хөтөлбөртэй сургууль байгуулахаар бэлтгэл ажилдаа орсон бөгөөд өнөөдрийн байдлаар 5 аймаг, сонгогдоод байгаа юм. Уг ажлыг Кембриджийн олон улсын шалгалтын төвтэй хамтран хэрэгжүүлэх болсонд талархаж буйгаа Элчин сайд илэрхийлэв.


Уулзалтын үеэр Их Британийн Боловсролын сайдын захидлыг ноён Элчин сайд Боловсрол, шинжлэх ухааны сайдад гардууллаа. Энэхүү захидалд ИБУИНХУ хичээл сургалтын үйл ажиллагааг танхимаар болон цахимаар явуулах боломжтой, оюутан хүлээж авахад нээлттэй байгааг дурджээ.

Холбоотой мэдээ