Хөгжлийн ерөнхий бодлогыг гаргахад гол үүрэг хариуцлага төлөөлөгчдөд ногддог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-05-16 09:27:09

Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгч Лхагвагийн Эрдэнэбаатартай уулзаж 4 жилийн хугацаанд аймаг,сум орон нутгийн хөгжил дэвшилтэй холбоотой хийсэн ажлуудын  талаар ярилцлаа.

-Та аймгийн ИТХ-д сонгогдсоноор Дөргөн сумандаа ямар ажлууд хийв? Ямар ажлыг аймгийн бодлогод тусгаж ажиллаж байна вэ?

-2012 онд манай Дөргөн сумын ард иргэд ардчилсан намыг дэмжиж аймгийн хуралд ч, сум орон нутгийн хуралд ч ардчиллыг сонгосон. Аймгийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдоод сум орон нутгийг төлөөлөх үүрэг хариуцлага ноогдож ажиллаж байна. Дөргөн суманд тулгамдаж буй хамгийн том асуудал бол цэвэр усны асуудал байсан. Энэ асуудал 2015 онд Ховддоо сайхан амьдарцгаая сангийн тэргүүн  Пүрэвдорж  саналыг хүлээн аваад одоо барилга болон цэвэрлэх төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэж байна. Манай суманд усны нөөц бага  хатуулаг ихтэй учраас элэг, цөс, нойр булчирхай, ходоод таван цулын архаг үрэвсэл илрэх явдал ажиглагддаг. Энэ асуудал 10 гаруй жил яригдаж байгаа боловч төдийлөн шийдэгдэхгүй байна. Энэ оны 5,6 сар гэхэд цэвэршүүлсэн төхөөрөмжөөрөө хүний эрүүл ахуйг хангасан үйлчилгээ үзүүлэх болов уу гэсэн найдлага бий.

2012 оноос манай аймгийн ИТХуралд  нэлээн хэд хэдэн дорвитой ажлыг зохион байгуулж Ховд аймгийн стратеги, баялаг бүтээх талаар тодорхой дорвитой бодлого шийдвэрүүд гаргасан. Хөшөөтийн уурхай бүрэн нөөцөөрөө ажиллавал 1000 гаруй ажлын байртай болох боломжтой байна. Мөн Ховд аймгийн арьс ширний хөдөө аж ахуйн цэвэрлэх байгууламж барихаар төлөвлөөд байна. Аймгийн дэд бүтцийн талаас авч үзвэл цементний үйлдвэр, засмал зам, барилгын салбарт түлхүү анхаарч хөгжүүлсэн.

2011-2015 онд 1028 хувийн орон сууцууд ашиглалтанд орсон. Үүнээс үзэхэд барилгын эрэлт нийлүүлэлт их байгаатай холбогдуулан барилгын бетонон зуурмаг, блок хөөсөнцөр гэх мэтийн үйлдвэр байгуулагдлаа. Үүнийг дагаад тодорхой тооны ажлын байр бий болсон.

 Ховд аймагт 2012-2015 оны хооронд 880 километр зам тавигдлаа. Манай аймаг засгийн газраас санхүүжиж байгаа орлого багатай зарлага өндөртэй аймаг. Ийм учраас аль болох үйлдвэрлэл үйлчилгээг өргөжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх нөгөө талаасаа иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэх талд төлөөлөгчид илүү анхаарч ажиллаж байна.

-Та аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдоод сумандаа нэлээд томоохон хөрөнгө оруулалтуудыг хөөцөлдөж оруулсан  гэж яригддаг?

-2008 онд манай  Дөргөн сум төвийн эрчим хүчтэй холбогдсон. Тухайн үеийн 0,4-ийн шугам шаардлага хангахгүй салхи шуурга, бороо цахилгаантай үед тог цахилгаан тасардаг цахилгааны дутагдалтай байсан.

Дөргөн суманд 0,4 шугамыг тавьснаар  хэрэглэгчдийн цахилгааны асуудал шийдэгдсэн. Гэхдээ  ард иргэд маань нэг асуудал тавьдаг. Орон нутагт Дөргөний УЦС-аас  эрчим хүч ашигласны хүчинд хөрөнгө оруулалт бий болгох, цахилгааны үнийн тарифыг орон нутагт хямдралтай нийлүүлэх саналыг иргэд байнга тавьдаг. Манай суманд өвөлжилтийн асуудал хүндрэлтэй  байдаг. Аргалант баг гэхэд нуур зэгсэнд өвөлждөг учраас малын өвс ургамал бэлчээр нөөц муутай, малчдын ахуй амьдралын хувьд усны асуудал, ус тавьсан үед  өвөлжилт,хаваржилтад хүндрэл үүсдэг .Ийм учраас Аргалант багийн нутагт  өвөлжилт хүндэрсэн үед  айлуудыг нүүлгэн шилжүүлэх тодорхой хэмжээний эрсдлийн сан бий болгох  тал дээр Дөргөний усан цахилгаан станц үүрэг хариуцлагаа ухамсарлах ёстой  гэдэг утгаар  ханддаг. Эрчим хүчний үнэ тарифыг бууруулах асуудлын хувьд Засгийн газраас эрчим хүчний үнэ тариф стандартыг нийтээр дагаж мөрдөж буй учир тусгайлан салгаж орон нутагт шийдвэрлэх боломжгүй.  

-Харин  сум орон нутагт ямар ахиц дэвшил гарсан бэ?

-2014 онд Дөргөн сумын сургуулийн 60 жилийн ойтой холбогдуулан 320 хүүхдийн хичээлийн  байрны асуудал хүнд байсан. Энэ асуудлыг би эдийн засгийн байнгын хороо, намын бүлэг дээр нилээн ярьсны хүчинд Боловсролын сайдын багцаас 186 сая төгрөгөөр сургуулийн урсгал засварын  зардлын мөнгийг шийдвэрлэсэн. Энэ нь бүтээн байгуулалт мөн сум орон нутгийн боловсролын салбарт томоохон хөргөнгө оруулалт болсон. Орон нутагт нүдээ олсон тулгамдсан асуудлыг шийдүүлсэн гэж бодож байна.

2014,2015 сум хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд  аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхантай зөвшилцсөнөөр Хөдөөгийн хөгжлийг дэмжих хөтөлбөрт 480 сая төгрөг тусгалаа. 2015 онд Дөргөн сумын Соёлын төвийн хана,тааз,гэрэлтүүлэг,сандлыг шинэчилэхэд  30,0 сая төгрөг,2016 онд Дөргөн сум байгуулагдсаны 60 жилийн ойтой холбогдуулан ОНХС-аас 30 сая төгрөгийг сумын төвийн гэрэлтүүлгийн асуудлыг тус тус  шийдүүллээ.

2012 оны Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар Дөргөн сумын Соёлын төвийг Соёл спортын цогцолбороор шийдүүлэхээр аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгуулсан боловч 2015 онд  УИХ-ын Байнгын хороогоор дэмжигдсэн боловч нэгдсэн хуралдаанаар хойшлогдсон.

2014 онд олон улсын хөрөнгө оруулагчдын чуулганы баримтлах бодлогод Дөргөн сумын Чонохарайхын гүүр, ундны цэвэр усны асуудлыг концессын гэрээгээр шийдвэрлүүлэх жагсаалтад орууллаа.

-Аймгийн ИТХ-ын хурлын төлөөлөгчийн давуу тал, ямар үүрэг хариуцлага хүлээдэг вэ,Ер нь  цалин хангамж авдаг уу, хуралдааны үйл ажиллагаанд хэдэн хоног зарцуулдаг вэ? 

-ИТХурал  гэдэг маань дээрээ харьяалалгүй. Нөгөө талаасаа бас дэмжлэг багатай. Биеэ даасан субьект юм. Аймгийн ИТХ –ын нэг удаагийн ээлжит болон ээлжит бус хуралдаанд 4-6 хоног зарцуулдаг. Нэгд  аймаг орон нутгийн бүтээн байгуулалт, аймаг юу хийсэн бэ? ололт дэвшил нь юу байв зэргийг үзэж танилцдаг. Хоёрт хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан аймгийн ЗДТГ болон тэдгээрийн хэлтэс, агентлагуудын мэдээ мэдээлэл сонсох. Гуравд засаг даргын мөрийн хөтөлбөр түүний гүйцэтгэлийн талаар, Дөрөвд байнгын хороо намын бүлгүүд хуралдсанаар хурлын үйл ажиллагаанд ордог.

Би төлөөлөгчийн үүрэг зорилгын тухайд орон нутгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлүүлэх, мөрийн хөтөлбөр болон үндсэн чиглэлд тусгуулах, төр засгийн бодлогыг ард иргэдэд сурталчлах таниулахаас гадна Ховд аймгийн хөгжлийн ерөнхий бодлогыг  гаргахад гол үүрэг хариуцлага бидэнд ногддог.

Төлөөлөгчөөр сонгогдон ажиллах хугацаандаа ямар  нэгэн төр болон төрийн бус байгууллагад ажиллаагүй. Төрийн өмчит компани болон орон нутагт ажиллах санал  надад тавьж байсан. Миний хувьд  түмэн олны сонголтыг нэгдүгээрт тавьж ажиллах, мөн төр засгийн бодлого шийдвэрүүдийн үндсэн дээр ард иргэдийнхээ санал бодлыг төр засагтаа хүргэх гүүр болж ажиллахыг зорьсон.

-Таныг аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр  сонгосон Дөргөнчүүддээ хандаж юу хэлэх вэ?

-Дөргөн нутгийнхаа ард иргэдэд хэлэхэд ойрын жилүүдэд байгаль дэлхий ивээж,  мал сүрэг маань таван төрлөөрөө өслөө. Өвлийг өнөтэй давж хавар тарган сайхан хаваржлаа. Мал сүрэг маань өсч урьд хожид байгаагүйгээр 127,0 мянга болж тоологдлоо. Иргэн,  аж ахуй, өрх гэрийн хувьд сайн хөгжсөн гэж би хувьдаа ойлгодог. Мэдээж сул тал, алдаатай зүйлс байлгүй яахав. Монголчууд бид амны билгээс ашдын билэг гэж ярьдаг шүү дээ. Дөрвөд түмэндээ хандаж хэлэхэд манай аймгийн 6,8 хувийг дөрвөд ястан эзэлж байна.

Манай Дөргөн суманд ОНХС-аас сүүлийн 4 жилд 690 орчим сая төгрөгний хөрөнгө оруулалтаар  бүтээн байгуулалтын ажил хийгдлээ.Эдгээрээс дурьдвал 30 гаруй өрх малжуулах хөтөлбөрт хамрагдлаа.

Сумын төвийн халуун ус, жишиг багийн төв,жишиг гудамж төсөл,хөдөө аж ахуй,эрүүл мэнд,боловсрол гэх мэт.

Сум хөгжүүлэх сангийн 290 орчим сая төгрөгний жижиг дунд үйлдвэрлэл,өрхийн үйлдвэрлэл, ажилгүйдлийг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Манай сум үзэсгэлэнт сайхан байгалиа түшиглэн аялал жуулчлал хөгжүүлэх, байгалийн баялгаа ашиглан тэжээлийн үйлдвэрлэл хөгжүүлэх, загас,ингэний хоормогийг орчин үеийн дэвшилтэт технелги ашиглан үйлдвэрлэл бий болгох зэрэг давуу тал бидэнд бий.

Дөргөнчүүд нууранд нь хун хоргодож, нутагт нь хүн хоргоддог ийм сайхан нутагт төрсөн аз завшаантай хүмүүс. Нутгийн зон олондоо Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр намайг сонгож, эрхэм хүндтэй үүрэг, хариуцлага, итгэл надад хүлээлгэсэнд талархаж, юу санасан есөн хүсэл тань сэтгэлчлэн бүтэхийн ерөөлийг өргөе.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ