Оросын Засгийн газрын тэтгэлэгт орон нутгийн залуусыг түлхүү хамруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-30 22:21:25
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа. 


Уулзалтын эхэнд ноён Элчин сайд, шинээр томилогдсон Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэнд баяр хүргэж, Монгол-Оросын боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцлоо.  Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, сүүлийн жилүүдэд манай хоёр орны боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа илүү өргөжиж, шинэ хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээр байгуулагдах тохиролцоонд хүрсэнд таатай байгаагаа илэрхийлсэн юм.  Тухайлбал, Оросын Холбооны Улсын Гэгээрлийн яамтай ерөнхий боловсролын салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг, мөн шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах гэрээ, хэлэлцээр, Монгол Улсын нутаг дэвсгэрт хамтарсан иж бүрэн экспедиц зохион байгуулах тухай санамж бичгийг ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамтай байгуулсныг онцлов. 


Санамж бичгийн хэрэгжилтэд анхаарал хандуулж, үр өгөөжтэй хэрэгжүүлэх, Оросын Засгийн газрын тэтгэлгийн хөтөлбөрт хөдөө, орон нутгийн залуучуудыг түлхүү хамруулах, Монгол Улсад нэн хэрэгцээтэй  мэргэжлээр суралцуулах, ОХУ-аас Монгол Улсад олгож буй тэтгэлгийн квотыг бүрэн ашиглах, квотыг нэмэгдүүлэхэд харилцан анхаарал хандуулж дэмжиж ажиллахыг хүслээ.

Холбоотой мэдээ