Цэцэг өвчнөөр 100 гаруй хонь өвчилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬОдоогоос арваад хоногийн өмнө Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын гуравдугаар багийн малчин Г.Зоригтбаатар, Ш.Банзрагч нарын хотонд хонины гоц халдварт цэцэг өвчин гарчээ.
Өвчний голомт бүхий газар хорио цээр тогтоож өвчилсөн нийт 100 гаруй хонь хургыг тавдугаар сарын 16-нд зохих журам дүрмийн дагуу устгалд оруулахаар болсон байна. Одоо голомт дээр нэг малын эмч, явуулын эргүүлийн гурван хүн ажиллаж байгаа бөгөөд голомтоос бусад газраар хөл хөдөлгөөнийг хорилгүйгээр ариутгал халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулж буй.
Мөн хонин сүргийг шаардлагатай вакцинд хамруулсан байна. Цэцэг өвчний тархалт нь хөрш сумдын малаас ихээхэн халдварлаж байгаа аж.
Учир нь дээрх хоёр малчин айл Өргөн суманд оторлож байжээ. Дашрамд дурдахад Өргөн сумын зарим нутгаар бэлчээр хомсдож тус сумын 20-иод өрх айлын 12 орчим мянган мал Дэлгэрэх сумын Цагаан хад багийн нутгаар отроор бэлчээрлэж байгаа юм.
Х.Эрдэнэбулган