Говь-Алтай аймгийн түүхт 80 жилийн ойг тэмдэглэх хүсэлтийг дэмжсэнгүй

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-07-29 21:00:03

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг тэмдэглэх тухай хүсэлтийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга дэмжих боломжгүй хэмээн мэдэгдлээ.


Тодруулбал, Говь-Алтай аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Ганбат наймдугаар сарын 15-16-ны өдрүүдэд аймгийнхаа түүхт 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүсэлтээ Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргад хүргүүлсэний дагуу хариу албан бичигт уг асуудлыг дэмжих боломжгүй гэдгийг албан бичгээр мэдэгджээ. Энэхүү албан бичигт: -Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нөхцөлд КОВИД-19 халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2020 оны зургаадугаар сарын наймны хурлын тогтоолын дагуу аймаг, сум, дүүргийн баяр наадмыг нэгэн зэрэг зохион байгуулсан нь олон нийтийн дэмжлэгийг хүлээсэн, цаашид баримтлах жишиг тогтоосон. Мөн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхээс бусад хурдан морины бүсийн уралдаан, уул овооны тахилга, ой тэмдэглэх зэрэг нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байхыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгож, энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газарт хүргүүлж, зохих дэмжлэгийг авсан. Түүнчлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нөхцөл байдал үргэлжилж байгаагийн зэрэгцээ энэ жилийн тухайд танай аймаг нийтдээ зуншлага төдийлөн сайнгүй. Хүн амын гоц халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, хүний амь нас хохирсон зэрэг нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх бодит шалтгаан байгааг онцгойлон анхаарч, өвөлжилтийн бэлтгэлийг хангуулж ажиллах нь зүйтэй гэдгийг онцгойлон дурдсан байна.


Холбоотой мэдээ