Швейцарын Хөгжлийн агентлагийн хамтын ажиллагааны шинэ захирал томилогдлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-07-27 18:07:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Швейцарын Холбооны Улс хатагтай, доктор Стефани Бурриг Монгол Улс дахь Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын захирлаар томиллоо. 

Тэрээр шинэ үүрэгт томилогдохоосоо өмнө Швейцарын нийслэл Берн хотод Швейцарын хөгжлийн агентлагт Олон улсын хөгжлийн асуудал эрхэлсэн ахлах зөвлөхөөр ажиллаж байв.

Доктор, хатагтай С.Бурри олон улсын хөгжлийн салбарт 30 гаруй жилийн турш нэр хүндтэй албан тушаал хашиж байсан туршлагтай нэгэн аж. Тэрээр Пакистаны улсын нийслэл Исламабад хотод Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын захирлаар 2016 - 2018 онд ажиллаж байсан. Өмнө нь тэрээр Швейцарын хөгжлийн агентлагт болон Эквадорт хэд хэдэн өндөр алба хашжээ. 

С.Бурри Швейцарын Бернийн их сургуульд Нийгмийн антропологи чиглэлээр докторын зэрэг, социологи, сэтгэл судлалын чиглэлээр магистрын зэрэг тус тус хамгаалж Гондурас, Парагвай зэрэг улсыг сонгож эрдэм шинжилгээний ажлаа хийсэн байна. С.Бурри Швейцарын Холбооны улсын Цюрих хотын хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн хувь хүний болон байгууллагын хөгжлөөр мэргэшсэн коуч, сургагч багш юм. Тэрээр герман, франц, испани, англи хэлээр чөлөөтэй ярьдаг.

Холбоотой мэдээ