Э.Түмэнжин: Тархи судлалд суурилсан хиймэл оюун ухааныг ашиглах шаардлагатай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Олон улсын эрдэм шинжилгээний “MULTIDISCIPLINARY BRAIN SCIENCE-2020” хурлыг АШУҮИС-ийн харьяа Тархи судлалын хүрээлэн, Дэлхийн тархи судлалын байгууллага, Монголын нейросайнсын нийгэмлэг хамтран манай улсад наймдугаар сарын 14-15-нд зохион байгуулна. Найм дахь жилдээ болох уг хурлын талаар АШУҮИС-ийн багш, анагаах ухааны доктор, олон улсын хурлын зохицуулагч Э.Түмэнжингээс тодруулав.
-Олон улсын энэ хурлыг манай улсад зохиож ирсний үр дүн хэр гарч байна вэ?
-Монголд тархи судлалын шинжлэх ухаан хараахан хөгжөөгүй байна. Тийм учраас олон улсын эрдэм шинжилгээний энэ хурал нь манайхны хувьд дэлхийн тархи судлалын шинжлэх ухааны хөгжлөөс суралцах, эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилготой юм. Тархи судлалын шинжлэх ухааны орчин үеийн шинэ технологийг эх орондоо нутагшуулж, мэргэжилтнүүдийн боловсролыг дээшлүүлэх, аж үйлдвэржилтийг түргэсгэхэд тархи судлалд суурилсан хиймэл оюун ухааныг ашиглах шаардлагатай байна.
"Салбар дундын тархи судлалын шинжлэх ухаан-2020" эрдэм шинжилгээний хурал болно
Энэхүү хурал нь шинжлэх ухааны хөгжлийг дэмжих ерөнхий зорилгын дор тархи судлалын шилдэг эрдэмтдийн бүтээл, тэдний сүүлийн үеийн ололт амжилт, туршлагаас хуваалцах, залуу судлаачдад тархи судлалын шинжлэх ухааны тухай мэдээллийг эх орондоо олгох, Монгол Улсад тархи судлалын шинжлэх ухааны хөгжлийг эрчимжүүлэх ач холбогдолтой. Мөн хүн амын дунд шинжлэх ухааны болон эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, тархи судлалын ач холбогдлыг таниулан сурталчлах боломж гарна.
-Олон улсын хуралд гадаадын эрдэмтэд оролцох нь. Тэд манай оронд ирэх үү, аль эсвэл цахимаар оролцох уу?
-Гадаадын эрдэмтэд мэдээж, COVID-19"-ийн цар тахлаас болоод ирж чадахгүй. Цахимаар оролцоно. Эхлээд ирэх сарын 10-13-нд АШУҮИС-д “Нейросайнсын үндсэн техникүүд” сэдэвт онол практик хосолсон эмч нарт зориулсан сургалт болно. Олон улсын хурал нь сургалтын дараа 14-15-нд болох юм. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан цахим хэлбэрээр “Zoom” программ ашиглан зохион.
Хиймэл оюун ухаан нь тархи судлалд суурилан хөгжиж байна
-Оролцогчдын хамрах хүрээ хэр байгаа вэ?
-Хуралд 12 улсын хүндэт зочид, Шинжлэх ухааны академи, эрүүл мэндийн салбар нэгж, төрийн байгууллагууд, их дээд сургуулиуд, ЕБС, ТББ зэргээс 300 гаруй хүн оролцоно.
-Аль улсын эрдэмтэд оролцож байна?
-Тус хуралд БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их сургуулийн профессор Бон Киюн Каан, Швейцар улсаас ДЭМБ-ын Сэтгэцийн эрүүл мэндийн газрын дарга асан, Дэлхийн Сэтгэцийн эмч нарын холбооны ерөнхийлөгч асан Норман Сарториус болон тархи судлалын шилдэг мэргэжилтнүүд, Япон, Өмнөд Солонгос, АНУ, Канад, Франц, Малайз, Швед, ОХУ, БНХАУ, Энэтхэг улсын эрдэмтэд оролцоно. Хуралд оролцох нь хүн бүрд нээлттэй. Харин сургалтад оролцогчид сертификат авах бол зохих төлбөртэй.
Ер нь энэ хуралд тархи судлалаас гадна бусад холбогдох бүх салбарын үндэсний эрдэмтэд тархи судлалын шинжлэх ухааны дээвэр дор уулзаж, хамтарсан судалгаа санаачлах, шинэ технологийг нутагшуулах, аж үйлдвэржилтийн хөгжлийг түргэсгэх, шинжлэх ухааны судалгаанд суурилсан хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж санал бодлоо солилцоно. Энэ утгаар хурлын ач холбогдол өндөр юм.
С.Туул