Японд ирэх гурван сард ердийнхөөс илүү халж магадгүй

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2020-07-23 10:48:44

ТОКИО. /NHK/. Япон даяар ирэх гурван сарын хугацаанд агаарын температур ердийн үеийн дундаж үзүүлэлтээс өндөр байх төлөвтэй байна гэж тус улсын цаг уурын мэргэжилтнүүд мэдээлжээ.


Цаг уурын газрын мэдээлснээр, Номхон далайн өндөр даралтын систем 8-10 дугаар сард Японы хойд нутгийн хүйтэн агаарын массыг хаах магадлалтай байгаа ажээ. Тухайн гурван сард агаарын дундаж температур зүүн, баруун, баруун өмнөд нутгаар ердийнхөөс илүү өндөр байх төлөвтэй байна гэж мэргэжилтнүүд хэлсэн байна. Мөн Японы хойд нутагт ердийнхтэй ижил юм уу илүү халуун байх төлөвтэй байгаа ажээ.


Энэ сард орон даяар аадар бороо үргэлжлэн орж байгаагийн зэрэгцээ өөр бусад хүчин зүйлээс хамааран агаарын температур харьцангуй бага байгаа юм. Үүнтэй холбоотойгоор иргэд өндөр температурт дасан зохицох боломж бүрдэхгүй байгаа гэнэ. Түүнчлэн халдвар авахаас урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалт зүүж байгаа нь хүмүүсийг сэрүүцэхэд хүндрэл учруулж болзошгүй ажээ.


Эрх баригчид үүнийг харгалзан үзсэний дүнд гадуур явж байхдаа хүмүүсээс зайтай байгаа тохиолдолд амны хаалтаа авч болно гэж мэдээлжээ. Мөн амны хаалт зүүсэн тохиолдолд эрчимтэй дасгал хөдөлгөөн хийхээс зайлсхийж, шингэн зүйл сайн уухыг уриалсан байна.


Цаг уурын газрын мэргэжилтнүүд борооны улирлын дараа агаарын температур огцом нэмэгдвэл халуунд цохиулах эрсдэлтэйг анхааруулаад, цаг агаарын сүүлийн үеийн мэдээнүүдийг тогтмол үзэж, анхаарал болгоомжтой байхыг ард иргэдэд зөвлөжээ. 

Холбоотой мэдээ