Д.Трамп хотууд руу холбооны алба хаагчдыг илгээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-07-23 10:13:45

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гэмт хэргийг таслан зогсоохын тулд зарим хот руу холбооны аюулаас хамгаалах хүчний "маш олон" алба хаагчийг илгээхээр болжээ.


Хүчирхийлэл газар аваад буй үед гаргасан Ерөнхийлөгчийн шийдвэрт Чикаго болон Ардчилсан намын удирдлага бүхий өөр хоёр хот багтсан байна.


Гэвч Орегон муж улсын Портленд хотод холбооны алба хаагчдыг байршуулсан нь маргаан дагуулжээ. Орон нутгийн удирдлагуудын мэдээлснээр, алба хаагчид хурцадмал байдал, жагсаал цуглааныг улам даамжруулсан ажээ.


“Хууль ба дэг журам” нь ирэх 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд Д.Трампын улиран сонгогдох кампанит ажлын гол төлөвлөгөө болсон байна.  


Миннесота муж улсын Миннеаполис хотод өнгөрсөн тавдугаар сарын 25-нд зэвсэггүй, өнгөт арьст иргэн Жорж Флойд цагдаа нарт баривчлагдсаныхаа дараа нас барсан нь олон хотод эсэргүүцлийн жагсаал өрнөхөд хүргэсэн бөгөөд зарим нь эмх замбараагүй байдал болон хувирчээ.


Мөн Нью-Йорк, Филадельфиа, Лос-Анжелес, Чикаго, Милуоки зэрэг хотод галт зэвсгээр үйлдэх гэмт хэргийн тоо огцом нэмэгдсэн байна. 

Холбоотой мэдээ