Цар тахлын үед хүчирхийллээс хамгаалах төвөөр үйлчлүүлэгчдийн тоо 87 хувиар нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-07-20 18:14:08
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүн амын сан болон НҮБ-ын Хүүхдийн сангаас хүчирхийллийн эсрэг Нэг цэгийн үйлчилгээний төвүүд болон Түр хамгаалах байруудад цар тахлын үеийн удирдамж, эрүүл ахуйн багц хүлээлгэн өглөө.


Ингэснээр Улаанбаатар дахь зургаан Нэг цэгийн үйлчилгээний төв болон хоёр Түр хамгаалах байр, орон нутаг дахь 19 Нэг цэгийн үйлчилгээний төвийн албан хаагчид цар тахлын үед эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх ажлыг илүү үр дүнтэй гүйцэтгэх боломжтой болжээ. 


Дэлхий нийт цар тахалтай тэмцэхийн зэрэгцээ тахлаас үүдэлтэй эдийн засгийн төдийгүй нийгэм болон соёлын холбогдолтой олон хохирол амсаж байна. Дэлхийн бусад улсын адил цар тахал гарсан цагаас хойш Монголд эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг хүчирхийлэл огцом нэмэгдсэн. Тухайлбал, энэ оны эхний гурван сард НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулдаг Нэг цэгийн үйлчилгээний төв болон Түр хамгаалах байруудаар үйлчлүүлэгчдийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 87 хувиар нэмэгджээ.


Иймд цар тахлын үед эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх ажлыг НҮБ-ын Хүн амын сан болон НҮБ-ын Хүүхдийн Cангаас Япон улсын засгийн газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа юм.


НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн, хатагтай Каори Ишикава “Цагдаагийн ерөнхий газарт бүртгэгдсэн дата мэдээлэл болон бусад нотолгооноос харахад цар тахал монгол эмэгтэйчүүд болон хүүхдийн хүчирхийлэлд сөргөөр нөлөөлж байгаа нь илэрхий байна. Тухайн мэдээлэлд тулгуурлан, Японы ард түмний санхүүгийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хүн амын сан болон НҮБ-ын Хүүхдийн Сан энэ хүнд цаг үед эмэгтэйчүүд хүүхдүүдийн өмнө тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг болохоор ажиллаж байна” хэмээн арга хэмжээнд цахимаар оролцохдоо тэмдэглэв.


Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс “Бид хэдийгээр өөдрөг байхыг хүсэж байгаа ч нөхцөл байдал цаашид хүндэрч болзошгүй тул бэлтгэлтэй байх шаардлагатай. Цар тахлын эдийн засагт үзүүлэх нөлөө улам дордсоор байгаа бөгөөд үр дагавар нь ирэх он, бүр түүнээс ч цааш үргэлжлэх төлөвтэй байна. Бид бэлтгэлтэй байх хэрэгтэй. Энэ бол ойрын гүйлт биш, харин холын зайн марафон юм. НҮБ-ын Хүүхдийн сан ба НҮБ-ын Хүн амын сан та бүхэнд тусалж дэмжихээр үргэлж хамт байх болно” хэмээгээд энэ хүнд цаг үед эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хүчирхийллээс хамгаалах үйлст зүтгэж буй Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байрны ажилчид болон бусад хамтрагчдадаа гүн талархал илэрхийлэв.

Холбоотой мэдээ