А.Хонырат: Улаанхус сумын 52 айл үерт нэрвэгдсэн

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-07-19 16:53:43

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг дэвсгэрт энэ сарын 16-ны өдөр аадар бороо их хэмжээгээр орсны улмаас Согоог голын ус эргээсээ хальж, сумын төвийн айл өрхүүд усанд автсан. Уг асуудлаар тус сумын ЗДТГ-ын дарга А.Хоныратаас тодрууллаа.

- Танай сумын хэдэн айл өрх үерт нэрвэгдсэн вэ?

- Улаанхус сумын төвийн 7, 8 дугаар багуудын 52 айл үерт нэрвэгдсэн. Сумын Засаг даргын захирамжийн дагуу сумын Мэргэжлийн анги, Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги болон бусад байгууллага, ард иргэдтэй хамтран орж ирж буй усыг тогтоох, татан зайлуулах арга хэмжээ авч байна. Айл өрхүүдэд учирсан хохирлын хэмжээ янз бүр. Байшин нь нурсан 5-6 айл байгаа. Хашаа, амбаар, гарааж нурсан, байшинд нь ус орсон нэлээн айл өрх байна. Ард иргэдийн хашаа байшин усанд ноорсноос нэмж нуран хохирол өсөж байгаа. Нарийн мэдээлэл өгөх боломж хараахан байхгүй. Түүнээс гадна 10 гаруй айлыг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн. Сумаас байгуулсан үнэлгээний комисс хохирлын хэмжээг тогтоох, ангилах ажлыг зохион байгуулж байна.

- Одоо сумын төв рүү орж байгаа усыг зогсоож чадсан уу?

- Сумын төв рүү орж байгаа усыг зогсоосон. Энэ хүрээнд айл өрхүүдийг тойруулан 120 метр хамгаалалтын далан, эргээсээ хальсан голын усыг тогтоох зорилгоор 3 метр өргөн, 80-90 см өндөр, нийтдээ 320 метр том далан босгоод байгаа. Түүнээс гадна гудамжнуудын дотор барьсан 800 орчим метр жижиг далан байна. Сумын төвийн 4 газарт шуудуу татаж, хуримтлагдсан усыг Ховд гол руу цутгуулж байна.

- Орон нутгийн зарим иргэд 2019 онд сумын төвөөс Согоог голын гүүр хүртэл тавьсан 2,2 км хайрган хучилттай замд ус зайлуулах хоолой тавиагүйн улмаас ус орж ирсэн хэмээн хэлж байна. Энэ мэдээлэл хэр үндэслэлтэй вэ?

- Бид сүүлдээ хүсэлт тавьж байж замын 4 хэсэгт суваг гаргуулсан. Суваг нь жижигдсэн байж магадгүй. Дээрх асуудлыг байгалийн гамшигт үзэгдэл гэж үзэж байгаа. Учир нь тус сумын Согоог багт ч ус гарч, оршуулгын газар усанд автсан. Зарим айл өрхүүдийн хашаа хороонд ус орсон асуудал байна.

- Сумын төв рүү орж байгаа усыг зогсоосон гэж дээр хэллээ. Одоо ямар арга хэмжээ авах вэ?

- Сэргээн босгох ажил хийнэ. Усанд автсан айл өрхүүдэд сумын захиргаанаас үнэ төлбөргүй хайрга буулгаж өгч байна. Ундны усны худаг, нүхэн жорлон, бохир усны цооног хоорондоо нийлчихсэн тул аймгийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар хамтран ариутгал, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээ авна. Асуудал сумын түвшингээс давсан тул аймагт асуудал тавьж байгаа.








Холбоотой мэдээ