Токиод халдварын 293 тохиолдол шинээр илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-07-17 16:16:37

ТОКИО. /Kyodo/. Японы нийслэл Токио хотод пүрэв гарагт коронавирусний халдварын 293 шинэ тохиолдол илэрсэн нь өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт боллоо гэж тус хотын захирагч Юрико Койкэ мэдээлжээ.


Японд орон даяар тогтоосон онцгой байдлыг өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр цуцалснаас хойш Токио тэргүүтэй зарим хотын бүсэд халдварын тохиолдлын тоо нэмэгдсэн хэвээр байжээ.


Токиод лхагва гарагт халдварын 286 тохиолдол шинээр илэрсэн бөгөөд нийслэл хотод сүүлийн долоо гаруй хоногийн хугацаанд өдөрт дунджаар 200 гаруй шинэ тохиолдол илэрсэн байна.


Ю.Койкэгийн мэдээлснээр, халдварын тохиолдол нэмэгдэж буй нь шинжилгээнд хамруулж буй хүмүүсийн тоог нэмэгдүүлж байгаатай мөн холбоотой бөгөөд одоогийн байдлаар өдөрт 4000 гаруй хүнд шинжилгээ хийж байгаа ажээ.


Япон даяар пүрэв гарагт халдварын 622 шинэ тохиолдол илэрсэн нь Токиод түгшүүрийн хамгийн өндөр түвшнийг зарлаж байсан дөрөвдүгээр сарын 11-нээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. 

Холбоотой мэдээ