Баяр наадмын түрүү, үзүүр болон шөвгөрсөн бөхөд бай шагналыг нь гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-17 11:17:36
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Я.Содбаатар өнөөдөр Үндэсний их баяр наадамд түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал гардуулж, чимэг олгожээ.


Тодруулбал, Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улсын 814 жил, Ардын Хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд ес даван түрүүлж, Улсын аварга цол хүртсэн Пүрэвийн Бүрэнтөгс, үзүүрлэсэн Намсрайжавын Батсуурь, их шөвөгт үлдэж Улсын заан цолоо баталсан Баатархүүгийн Пүрэвсайхан, шинээр Улсын заан цол хүртсэн Мягмарын Бадарч нарт бай шагнал гардуулсан юм.


Түүнчлэн Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд найм даван үзүүрлэсэн Улсын аварга Намсрайжавын Батсуурьт "Тод сонин", долоо даван Улсын заан цолоо баталсан Баатархүүгийн Пүрэвсайханд "Саруул сайжрах", зургаа даван шөвгөрсөн Улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагвад "Үнэн зоригт", тав даван Улсын начин цолоо баталсан Баярсайханы Орхонбаярт "Өсөх идэр" чимэг олгож үнэмлэхийг нь гардууллаа.


Мөн Зохион байгуулах хорооны шийдвэрээр 2019 оны Үндэсний их баяр наадамд тав давсанд тооцон Улсын харцага Оргихын Хангайд "Өсөх идэр" чимэг олгож үнэмлэхийг нь гардуулав.


Энэ үеэр, ирэх жил Ардын хувьсгалын 100 жилийн тэгш ой тохиож байгаатай холбогдуулан бэлтгэл ажил хангах хүрээнд Шадар сайд Я.Содбаатар баяр наадам зохион байгуулах хороо болон үндэсний бөхийн салбар хороонд Баяр наадмын тухай хуулийг шинэчлэн боловсруулах чиглэл өгөв. Ингэхдээ 1024 бөх барилдсан тохиолдолд ес давсан бөх Улсын арслан цолтой хэвээр үлдэх үү, аварга цол хүртэх үү зэрэг нарийн асуудлыг тодорхой тусгахыг чиглэл болгосон юм.

Холбоотой мэдээ