Оросын хакеруудыг “COVID-19”-ийн вакцин бүтээж буй байгууллагуудад халдаж байна гэж мэдээлжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-07-17 10:55:50

ЛОНДОН. /TASS/. Оросын хакерууд шинэ коронавирусний вакциныг гарган авахтай холбоотой мэдээллүүдийг хулгайлахыг удаа дараа завдаж байна гэж Их Британийн Үндэсний цахим аюулгүй байдлын төв пүрэв гарагт мэдээлжээ.


“2020 он гарсаар “APT29” хакеруудын бүлэг Канад, АНУ, Их Британи зэрэг орны “COVID-19”-ийн вакцин бүтээж буй байгууллагуудыг онилон халдлага үйлдэж байгаагаас үзэхэд тэд вакцин гарган авах, туршихтай холбоотой мэдээлэл, оюуны өмчийг хулгайлахыг зорьж байх магадлал өндөр байна” гэж Үндэсний цахим аюулгүй байдлын төв мэдээлсэн байна.


APT29”-ийг өөрөөр “Cozy Bear” хэмээн нэрлэдэг бөгөөд уг бүлэг нь Оросын тагнуулын газартай холбоотойгоор үйл ажиллагаа явуулдаг гэж дээрх мэдээнд дурджээ. Мөн “APT29” нь Засгийн газар, дипломат байгууллага, судалгааны төв, эрүүл мэнд, эрчим хүчний газруудыг онилон үнэ цэнтэй оюуны өмчийг хулгайлахыг завддаг хэмээн тэмдэглэжээ.


APT29” шинэ коронавирусний вакцины судалгаа явуулж буй байгууллагуудад үргэлжлүүлэн халдаж болзошгүй байгаа тул цахим халдлагыг илрүүлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад уриалж байна гэж Үндэсний цахим аюулгүй байдлын төв мэдээлсэн байна.


Их Британийн Гадаад хэргийн яамнаас дээрх мэдээллийн талаар юу гэж мэдээлэв?

Гадаад хэргийн сайд Доминик Рааб Үндэсний цахим аюулгүй байдлын төвийн мэдээллийн талаар хэлэхдээ, Оросын тагнуулын газартай холбоотой хэмээн үзэж буй уг явдлыг “хүлээн зөвшөөршгүй” гэж үзжээ.


“Оросын Тагнуулын газар коронавирусний цар тахалтай тэмцэхээр ажиллаж байгаа байгууллагуудыг онилон халдлага үйлдэж байгаа нь огтоос хүлээн зөвшөөршгүй явдал юм” гэж Д.Рааб мэдэгдсэн байна.


“Их Британи ийм төрлийн цахим халдлага үйлдэж буй этгээдүүдтэй үргэлжлүүлэн тэмцэж, тэдэнд шийтгэл ногдуулахын тулд холбоотнуудтайгаа хамтран ажиллана” гэж тэрбээр мэдэгджээ. 

Холбоотой мэдээ