Ах дүү хоёр аймгийн баяр наадмын үзүүр, түрүүг булаалдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-07-14 16:41:26

Булган /МОНЦАМЭ/ Монголын тулгар төрийн 2229, Их Монгол улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Булган аймгийн баяр наадмын үндэсний бөхийн барилдааны үзүүр, түрүүг төрсөн ах дүү хоёр булаалдаж, Сайхан сумын харьяат, аймгийн начин Н.Намнансүрэн түрүүллээ.

Аймгийн наадамд үзүүрлэж, аймгийн заан цол  хүртсэн, сумын заан Н.Намнан-Эрдэнэ энэ жилийн түрүү бөхийн төрсөн дүү юм.

Могод сумын харьяат аймгийн заан Б.Баяржаргал, Бүрэгхангай сумын харьяат аймгийн начин Д.Пүрэвдорж нар үндэсний бөхийн барилдааны шөвгийн дөрөвт үлдлээ.

Баяр наадмын шагайн харваанд 13 багийн 100 гаруй харваачид оролцож, цуваа харваанд Сайхан сумын “Баярт чанар” багийн харваач О.Өсөхбаяр тэргүүн байр эзэлж, Хутаг-Өндөр сумын “Уньт” багийн харваач М.Гантулга, мөн сумын “Баатар ван” багийн харваач Х.Мөнхбат нар удаах байранд шалгарлаа. Багийн харваанд Б.Орхон ахлагчтай Сайхан сумын “Баярт чанар” баг тэргүүн, С.Чулуун ахлагчтай Хутаг-Өндөр сумын “Уньт” баг дэд, мөн сумын “Хантай” баг гутгаар байр эзэлсэн байна. 

Баян-Агт сумын алдарт уяач Н.Чинбатын соёолон түрүүлжээ
Аймгийн баяр наадмын хоёр дахь өдөр соёолон, хязаалан, эрлийз дунд насны морьд уралдлаа.

Аймгийн баяр наадамд уралдсан соёолон насны морьдоос Баян-Агт сумын алдарт уяач Н.Чинбатын янзага буурал түрүүлж, мөн сумын аймгийн алдарт уяач Н.Жаргалсайханы халтар аман хүзүүнд,  мөн сумын алдарт уяач Н.Уламбаярын хээр, Сэлэнгэ сумын алдарт уяач Б.Отгонбаярын хээр, Дашинчилэн сумын аймгийн алдарт уяач Б.Амархүүгийн халтар айргийн тавд давхилаа. Хязаалан насны хурдан хүлгүүдээс Баян-Агт сумын аймгийн алдарт уяач Д.Алтан-Очирын халиун магнайлж, Хутаг-Өндөр сумын уяач Г.Батмөнхийн гоё хээр аман хүзүүдэж, Булган сумын уяач Т.Баттөмөрийн хурандаа шарга, мөн сумын М.Эрдэнэбатын хээр, Баяннуур сумын аймгийн алдарт уяач Ч.Содномын хээр айрагдлаа.

Холбоотой мэдээ