Булган аймгийн наадамд уяач Ч.Содном нэг түрүү, гурван айраг аваад байна

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-07-11 23:18:44

Булган /МОНЦАМЭ/ Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулсны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Булган аймгийн баяр наадмын эхний өдөр өндөрлөлөө.

Энэ жилийн баяр наадам өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нөхцөлд болж байгаа учраас цэцэг өргөх ёслол, баярын хурал, хүндэтгэлийн концерт болоогүй бөгөөд баяр наадмын үндэсний бөх, хурдан морины уралдаан, сурын харваа цэнгэлдэх хүрээлэн болон тусгай талбай, морь барианы газарт болж, шагнал гардуулах ёслолоо тус тусдаа зохион байгуулж байгаа юм.

Үндэсний баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа болж, аймгийн хүндэт шагнал хүртсэн хүмүүст шагнал гардууллаа. Үндэсний бөхийн барилдаанд Монгол Улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу, Ш.Цогтжаргал, начин С.Дэлгэрбат нарын тэргүүтэй 128 бөх барилдаж байна.

Сайхан сумын уяач Г.Гүндсамбуугийн буурал даага түрүүлжээ
Аймгийн баяр наадмын эхний өдөр таван насны хурдан морь уралдууллаа. Азарганы уралдаанд Могод сумын аймгийн алдарт уяач Н.Дэлгэрсайханы халтар түрүүлж, Баяннуур сумын аймгийн алдарт уяач П.Отгонбаярын хээр аман хүзүүнд хурдалж, Хутаг-Өндөр сумын алдарт уяач Л.Шагдарын хээр, Төв аймгийн Заамар сумын аймгийн алдарт уяач Э.Бямбасүхийн буурал, Дорнод аймгийн Баян-Уул сумын уяач Б.Эрдэнэбулганы бор айрагдлаа.

Их насны морьдоос Баяннуур сумын аймгийн алдарт уяач Ч.Содномын бор түрүү магнайд, Орхон сумын уяач Н.Нарангэрлийн бор аман хүзүүнд, Гуранбулаг сумын алдарт уяач Ж.Равданцэрэнгийн хар, Төв аймгийн Лүн сумын уяач Б.Батжаргалын сартай хонгор, Булган аймгийн Тэшиг сумын уяач Б.Одбаярын хүрэн халзан айргийн тавд хурдаллаа. Шүдлэн насны хурдан хүлгүүдээс Сэлэнгэ сумын уяач Б.Отгонбаярын хүрэн түрүүлж, Төв аймгийн Заамар сумын аймгийн алдарт уяач Э.Бямбасүхийн хул, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уяач Д.Наранболдын хээр, Баяннуур сумын аймгийн алдарт уяач Ч.Содномын хул, Хутаг-Өндөр сумын уяач Ш.Даваажамцын хээр айрагдлаа.

Хурдан дааганы уралдаанд Сайхан сумын уяач Г.Гүндсамбуугийн буурал түрүү магнайд хурдалж, Төв аймгийн Заамар сумын аймгийн алдарт уяач О.Бямбасүхийн хүрэн халзан, Булган аймгийн Баяннуур сумын аймгийн алдарт уяач Ч.Содномын халтар, цоохор, Сэлэнгэ сумын алдарт уяач Б.Отгонбаярын шарга халзан даага айргийн тавд орлоо. Мөн эрлийз доод насны морьд уралдлаа.

Аймгийн баяр наадмын үндэсний сур, шагайн харваа үргэлжилж байна.

Холбоотой мэдээ