Fuji Heavy Industries нэрээ сольж Субару гэгдэх боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-05-12 17:28:20

ТОКИО. /TASS/ Японы автомашин үйлдвэрлэгч Fuji Heavy Industries /Фүжи хэви индастриз / компани нэрээ өөрчилж, товчхоноор Субару /SUBARU/ гэж нэрлэхээр болжээ. Энэ тухай тус компанийн удирдлага өнөөдөр мэдэгдсэн байна.

“Нэрээ сольсон нь дэлхийд танигдсан брэндийг бий болгох гэсэн хүсэл эрмэлзэлтэй холбоотой” гэж мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ. Өмнө нь тус компани өөрийн үйлдвэрлэсэн автомашинуудыг л зөвхөн “Субару” гэж нэрлэж байсан аж. Субару гэдэг нь япон хэлэнд Үхрийн ордон дахь оддын бөөгнөрлийг илэрхийлсэн үг бөгөөд тус компанийн үйлдвэрлэсэн автомашины таних тэмдэг дээр оддыг дүрсэлсэн байдаг.

“Фүжи хэви индастриз” компани 1953 онд Nakajima Aircraft  хэмээх нисэх онгоц үйлдвэрлэгч корпораци татан буугдсаны дараа буурин дээр нь  байгуулагдсан ажээ. Тус компани 1958 оноос эхлэн Субару маркийн автомашин үйлдвэрлэж байгаа бөгөөд анхны загваруудаа Францын “Рено” /Renault/-г хуулбарлан хийсэн гэдэг. Гэвч төдий удалгүй Японы инженерүүд өөрийн гэсэн автомашины цоо шинэ загварыг зохион бүтээж чадсан байна. 

Субару маркийн хөдөлгүүрийн чанарыг дэлхий даяар хүлээн зөвшөөрдөг бол тус компанийн баг авто уралдааны ДАШТ-нд хэдэнтээ түрүүлж байв. “Фүжи хэви индастриз” нь жилд 600 мянган автомашин угсрах хүчин чадалтай хоёр үйлдвэртэй бөгөөд Impreza, Forester, Legacy загварууд нь дэлхийд нэлээд танигдсан билээ. 2014 онд тус компани 20 сая дахь автомашинаа үйлдвэрлэж байжээ.

Х.Сарнай

Холбоотой мэдээ