Ираны цөмийн объектод гарсан осолд Израил улс холбоотой байж магадгүй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /RIA Novosti/. Ираны Натанза хотын цөмийн объектод Израил улс хорлон сүйтгэх ажиллагаа явуулж, тэсрэх төхөөрөмж дэлбэлсэн гэж “New York Times” сонин эх сурвалжуудаас иш татан мэдээлжээ.
Натанза хот дахь уран баяжуулах үйлдвэрт барьж буй объектод осол болсон тухай Ираны цөмийн эрчим хүчний байгууллага өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт мэдээлсэн байна. Тус хотын эрх баригчид түймэр гарсан гэж мэдээлж байв. Ослын үеэр цацраг идэвхт материал алдагдаагүй бөгөөд хүний амь эрсэдсэн, гэмтсэн тохиолдол гараагүй байна. Натанза дахь байгууламжид орчин үеийн центрифуг үйлдвэрлэхээр төлөвлөж байсан гэж Ираны цөмийн эрчим хүчний байгууллагын албан ёсны төлөөлөгч Бехруз Камальванди ням гарагт мэдэгджээ.
Израил улс уг объект дотор хүчтэй тэсрэх төхөөрөмж суурилуулсан гэж Ойрхи Дорнодын нэгэн улсын тагнуулын байгууллагын нэрээ нууцалсан эх сурвалж “New York Times” сонинд мэдээлсэн байна. Тус сонинд мэдээлснээр, хэн нэгэн тэсрэх төхөөрөмж хэрэглэсэн гэдгийг Лалын хувьсгалыг хамгаалах корпусын төлөөлөгч баталжээ. Цөмийн объектыг сүйтгэхэд Израил улс оролцсон гэх мэдээллийг шалгаж, батлах боломжгүй болохыг тус сонинд тэмдэглэсэн байна. Израилын албаны хүмүүс энэ талаар тодорхой тайлбар өгөөгүй боловч “цөмийн зэвсэгтэй болсноор Ираны зүгээс аюул нүүрлэж болзошгүй" гэж цохон тэмдэглэжээ”. Ираны цөмийн объектод хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан байж магадгүй гэж барууны хэд хэдэн хэвлэл өмнө нь мэдээлсэн байна.