Зургаан суманд цахилгаан хайчаар хонь хяргах сургалтыг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-07-06 17:18:06

Архангай /МОНЦАМЭ/. Мал аж ахуйн гаралтай түүхий эдийг бэлтгэн нийлүүлэх, малыг эрүүлжүүлэх, өртөг шингээж малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн ХХААГ МҮХАҮТ-тай хамтран таван жилийн өмнөөс “Хонины ноосны нэмүү өртгийн сүлжээг дэмжих” төслийг орон нутагтаа хэрэгжүүлээд байна.

“Нэмүү өртгийн сүлжээг дэмжих” төслийн хүрээнд 2015 оноос 100 гаруй хүнд цахилгаан хайчаар хонь хяргах үзүүлэн сургалтыг зохион байгуулжээ. Энэ удаад Хотонт, Хашаат, Өгийнуур, Өлзийт, Батцэнгэл, Хайрхан сумын малчдыг оролцуулан цахилгаан хайчаар хонь хяргах, бог малын угаалга хийх дадлага сургалтыг хийлээ. Сургалтыг МҮХАҮТ, Германы Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимуудын холбоодын хоорондын хамтын ажиллагааны хүрээнд зохион явууллаа.

Архангай аймаг 2,9 сая хоньтой. Улсын хэмжээнд хонин сүргийнхээ тоогоор тэргүүлдэг. Уламжлалт гар гаргаар хонь хяргахад дунджаар 20-30 минут царцуулдаг байна. Харин цахилгаан хайчаар хонь хяргахад 5-10 минут зарцуулна. Энэ нь малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөөд зогсохгүй хонины ноос хог шороо, үс хаягдалгүй гарч улмаар өмчийн эзэн малчны орлого нэмэгдэх зэрэг олон талын ач холбогдолтойг төсөлд оролцогчид хэлж байна.

Цахилгаан хайчаар хонь хяргах анхны ажлыг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6-р багт 2017 оноос хэрэгжүүлсэн. Үүнийг жишиг болгож орон нутаг, улсын төсвөөр 80 гаруй цэгт мал угаах ванныг суурилуулаад байна. Зуны цагт малчид хоршиж цахилгаан хайчаар хонио хярган улмаар бог малыг ариутгах ажил Архангай аймгийн малчдын дунд ийнхүү өрнөж байна.

Холбоотой мэдээ