Туркийн арми "Лалын улс" бүлэглэлийн 1300 гишүүнийг устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-12 13:58:27

ИСТАНБУЛ. /Anadolu/. Туркийн Зэвсэгт хүчин Сири болон Ирак дахь “Лалын улс” бүлэглэлийн 1300 орчим босогчийг устгасан гэж Туркийн Жанжин штабын дарга, генерал Хулуси Акар мэдэгдэв.

Тэрбээр Истанбул хотноо болсон Балканы хойгийн орнуудын зэвсэгт хүчний Жанжин штабын дарга нарын 10 дугаар бага хуралд оролцож үг хэлэхдээ "Туркийн хувьд чухал ач холбогдолтой мужууд, тухайлбал Сиритэй залгаа хилийн дагуу орших Килис муж “Лалын улс” бүлэглэлийн амиа золиослох халдлагын бай болоод байна" гэж дурджээ.

Мөн тэрбээр “Турк улс “Лалын улс” бүлэглэлийг террорист байгууллага гэж үздэг болохоо 2013 онд тодорхой мэдэгдсэн. Тус бүлэглэл лалын шашны төлөөлөл биш. Туркийн Зэвсэгт хүчин Сири болон Ирак дахь “Лалын улс” бүлэглэлийн 1300 орчим зэвсэгт этгээдүүд болон тус бүлэглэлийн эзэмшилд байдаг их хэмжээний зэвсэг, пуужин, машин техник, байшин барилгыг устгалаа” гэж мэдэгджээ.

Үүний зэрэгцээ Курдын Ажилчны нам хэмээх террорист байгууллагатай хатуу тэмцэнэ гэдгээ генерал илэрхийлсэн байна.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ