“Абу Сайяф” бүлэглэлд барьцаалагдсан 4 иргэнийг суллажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-05-12 11:39:48

ЖАКАРТА. /Xinhua/. Филиппиний өмнөд эргийн тэнгист лалын “Абу Сайяф” бүлэглэлд барьцаалагдсан Индонезийн дөрвөн иргэнийг сулласан байна.

Тэднийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-нд уг бүлэглэлийн босогчид барьцаалан мөнгө нэхсэн ажээ.

Индонез болон Филиппиний Засгийн газрууд эдгээр хүмүүсийг суллах арга замыг хайсаар байсан юм. Тэднийг өчигдөр Филиппиний өмнөд хэсгийн Холо аралд сулласан байна. Харин тэднийг хэрхэн сулласан болон барьцааны мөнгө төлсөн эсэх талаар тодорхой мэдээлэл өгсөнгүй.

Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ "Индонез болон Филиппиний тал хамтран ажилласны үр дүнд барьцаалагдсан хүмүүсийг суллалаа" гэсэн байна.

“Абу Сайяф” бүлэглэл нь барьцааны мөнгө авах зорилгоор Филиппиний өмнөд эргийн орчимд Индонез, Малайзын усан онгоцны багийн гишүүдийг хэд хэдэн удаа барьцаалж байжээ. Тус бүлэглэлийнхэн өнгөрсөн сард Канадын иргэнийг барьцаалж, улмаар амийг нь хөнөөсөн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ