Трамп: Лалын шашинтнуудыг АНУ-д нэвтрүүлэхгүй гэсэн нь санал төдий зүйл байсан

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-12 10:40:32

ВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшихээр өрсөлдөж байгаа Дональд Трамп лалын шашинтнуудыг АНУ-д нэвтрүүлэхийг түр хугацаагаар хориглох санал дэвшүүлж байсан билээ. Харин тэрбээр энэ байр сууриа зөөлрүүлсэн бололтой.

Тэрбээр Лондон хотын захирагч Садик Хан-ы хийсэн мэдэгдэлд хариу өгөхдөө "хориглоно гэсэн нь зүгээр л санал төдий зүйл байсан" гэж мэдэгджээ.

"Хэрвээ Трамп Ерөнхийлөгч болбол би АНУ-д очих боломжгүй болох нь. Учир нь би лалын шашинтан" гэж Лондон хотын захирагч Садик Хан хэлсэн байна. Үүний хариуд Д.Трамп Садик Ханыг энэ хоригт хамруулахгүй гэсэн боловч түүний энэ саналаас Садик Хан татгалзаад "Нью-Йоркийн бизнесмэн Дональд Трампын үзэл бодол үнэхээр “бүдүүлэг” бөгөөд ийм үзэл нь Их Британи болон АНУ-ын аюулгүй байдлыг эмзэг болгож болзошгүй" хэмээн дургүйцлээ илэрхийлжээ. 

Өнгөрсөн онд Парист томоохон хэмжээний халдлага болж 130 хүн амиа алдсан билээ. Үүний дараахан Трамп "лалын шашинтнуудыг АНУ-ын нутаг дэвсгэрт нэвтрүүлэхгүй байх нь зүйтэй "гэсэн саналыг дэвшүүлж байсан юм.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ