УИХ-ын даргаар Г.Занданшатарыг улираан сонгов

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-06-30 17:21:24
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2020 оны сонгуулиар бүрэлдсэн парламентын өнөөдрийн анхдугаар чуулганы үдээс хойших хуралдаанаар, Г.Занданшатарыг УИХ-ын даргаар  улираан сонгов.


УИХ-ын  тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасны дагуу Сонгуулийн дүнгээр УИХ-д 39 ба түүнээс дээш суудал авсан нам, эвсэл буюу олонхоос УИХ-ын даргад нэр дэвшүүлэхээр заажээ. Энэ дагуу 62 суудал авч олонх болсон МАН-аас УИХ-ын гишүүнээс сонгогдсон Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгуулах санал гаргасныг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хуралдаанд танилцууллаа. УИХ-ын гишүүн Г.Занданшатар нь 2012-2016 оны парламентад гишүүн, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа УИХ-ын даргаар 2019 оны хоёрдугаар сарын 1-нд сонгогдож байсан юм. 


УИХ-ын дэгийн тухай хуульд заасны дагуу УИХ-ын даргыг сонгох асуудлаар хэлэлцүүлэг явуулахгүй байхаар заасныг хуралдаан даргалагч, ахмад гишүүн Х.Баделхан танилцуулав. Ингээд гишүүдийн хурууны хээг төхөөрөмжид хараахан бүртгэж амжаагүй байгаа тул гар өргөж санал хураалаа. 


Хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонгохыг дэмжиж, энэ талаарх тогтоол батлагдлаа.


УИХ-ын даргыг сонгосон талаарх тогтоол батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, энэ удаагийн дөрвөн жилийн парламентад Монгол орны эдийн засгийг авч явах хүнд ачаа ногдож байгаа, бүх хүчээ дайчилна гэж найдаж байгаагаа дуулгав. Тэрээр,  эрх баригч нам УИХ-ын 2020 оны сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө бүрэн биелүүлэх боломж УИХ, Засгийн газрын түвшинд бүрдсэнийг тэмдэглээд амжилт хүслээ.


УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын  найм дахь удаагийн сонгууль амжилттай өндөрлөж, шинэ гишүүд тангарагаа өргөснөөр байнгын ажиллагаатай Монгол Улсын парламентын бүрэн эрх албан ёсоор хэрэгжиж эхэлснийг онцлоод, төрийн эрх барих дээд байгууллагаа сонгосон ард иргэддээ талархал илэрхийллээ. Тэрбээр, "МАН үнэмлэхүй ялалт байгуулсан нь ирэх дөрвөн жилд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын ажлыг үр дүнтэй, тогтвортой, хариуцлагатай үргэлжлүүлэхийг  эрмэлзсэн иргэдийн итгэл байсан гэж үзэж байна. Монголынхоо сайн сайхныг ухраах, иргэдийнхээ итгэлийг мохоох эрх байхгүй тул шинэ эринийг эхлүүлэх үүрэг бидэнд ногдож байна. УИХ-аас эдийн засгаа тогтворжуулах реформ хийж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээ дэмжих, УИХ-ын Ёс зүйн дэд хороог байнгын хороо болгох, хянан шалгах дэд хороог байгуулах, нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлэх ажлыг идэвхжүүлэх зэргээр ажлын баг байгуулж ойрын хугацаанд ажлаа эхлүүлнэ. Эдийн засгийн амаргүй нөхцөл байдалд амрах зав бидэнд байхгүй" хэмээв. 


Ингээд анхдугаар чуулганы хуралдаан үүгээр өндөрдлөлөө. Чуулганы нэгдсэн хуралдаан маргааш 13.00 цагт хуралдана.


Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ