Томоохон компаниуд “Facebook”-т сурталчилгаа явуулахаа түр зогсоов

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-06-30 14:03:12

МОСКВА. /RIA Novosti/.  “Adidas”, “Reebok”, мөн автомашин үйлдвэрлэгч "Ford" болон өөр хэд хэдэн томоохон компаниуд “Facebook” компанид зарласан бойкоттой нэгдэж, нийгмийн уг сүлжээнд сурталчилгаа явуулахаа түр зогсоолоо гэж CNBC суваг мэдээлжээ.


“Adidas”, "Reebok" компаниуд “Facebook”, “Instagram” сүлжээн дэх сурталчилгаагаа долдугаар сар дуустал зогсоосон бол “Ford” компани ойрын 30 хоногийн хугацаанд сурталчилгаа байрлуулахгүй байхаар шийдсэн байна.


Түүнчлэн АНУ-ын мэдээллийн технологийн томоохон компани болох "Hewlett-Packard" нийгмийн сүлжээнүүдэд аюулгүй байдлын "илүү найдвартай" хэмжүүрүүд гарч ирэх хүртэл “Facebook”-т сурталчилгаа явуулахгүй гэдгээ мэдэгджээ. Мөн цэвэрлэгээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг "Clorox", “Denny's” сүлжээ зоогийн газар, “Edgewell Personal Care”, “Conagra” компаниуд “Facebook”, “Instagram” сүлжээнд явуулдаг сурталчилгаагаа түр зогсоосон байна.


Үүнээс гадна Америкийн “Microsoft” компани “Facebook”, “Instagram”-д сурталчилгаагаа түр зогсоосон тухай “Axios” цахим хуудас мэдээлжээ. Гэхдээ тус компанийн удирдлагууд бусад компаниудынхаас ялгаатай нь “Facebook”-ийн бодлогод бус харин сурталчилгаа нь хэрхэн харагдаж байгаад санаа зовж байгаа аж. “Microsoft” компанийнхан сурталчилгаа нь “зохисгүй агуулгатай контенттой” зэрэгцэн гарч байгаад санаа зовниж байна гэж “Axios” цахим хуудас мэдээлжээ.


Өмнө нь өнгөт арьстнуудын эрхийг хамгаалах байгууллагууд бизнес эрхлэгчдэд хандан “үзэн ядалт, хүчирхийлэл, арьсны өнгөөр ​​ялгаварлан гадуурхсан өнгө аястай” мэдээллүүдийг устгах талаар хангалттай арга хэмжээ авахгүй байгааг эсэргүүцэн “Facebook”-т сурталчилгаа байрлуулахаа зогсоохыг уриалсан юм. Үүний дараа “North Face”, “Coca-Cola”, “PepsiCo”, “Unilever”, “Starbucks” компаниуд “Facebook”-т сурталчилгаа явуулахаа зогсоож буйгаа мэдэгджээ. Эдгээр компанийн зарим нь нийгмийн бусад сүлжээнд ч мөн сурталчилгаа хийхгүй гэдгээ мэдэгдсэн юм.


"Блүүмберг" агентлагийн шинжээчдийн тооцоолсноор, нийгмийн сүлжээнүүдэд нь сурталчилгаа явуулахаас татгалзсаны улмаас “Facebook” компанийн тэргүүн Марк Цукерберг 7.2 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ. 

Холбоотой мэдээ